Уншиж байна ...

И.Мөнхзаяа: Наранд хэт их ажиллах, сэтгэлзүйн цочрол зэрэг шалтгаанаас арьс цайх өвчин үүсдэг

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Арьс цайх өвчин нь халдварладаг гэх яриа байдаг. Гэвч энэ өвчин хүнээс хүнд халддаггүй болохыг Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн/АӨСҮТ/ Эмчилгээний гоо заслын нөхөн сэргээх тасгийн их эмч И.Мөнхзаяа хэлээд дараах зөвлөгөөг өглөө.

Тэрбээр "Уг өвчин арьсны өнгө өгч буй меланоцит эсийн үйл ажиллагааны алдагдалд хүргэдэг аутоиммуны гаралтай эмгэг аж. Өөрөөр хэлбэл хүний арьс, үс, нүдний өнгийг меланин гэх будагч бодис агуулсан меланоцит эс зохицуулдаг Уг эс устах, үйл ажиллагаагүй болсноор арьс цайралт үүсдэг байна. Энэ өвчин арьс болон үсний өнгөнд өөрчлөлт өгдөг.

Арьсны аль ч хэсэгт нөлөөлөх бөгөөд ямар ч насныханд тохиолдоно.

  • Удамшил
  • Дархлаа муудах
  • Наранд хэт их ажилладаг
  • Дааврын өөрчлөлт
  • Химийн бодист хордох
  • Сэтгэлзүйн цочрол зэрэг шалтгаанаас арьс цайх өвчин үүсдэг байна.

Арьс цайх өвчин эмчлэгдэх бүрэн боломжтой, өвчтөний зүгээс хугацаа, тэвчээр, тууштай, хариуцлагатай байхыг шаарддаг. Арьс цайралтын талбайн хэмжээ, хувь хүний онцлог, хавсарсан эмчилгээнээс хамаарч хэдэн, сар, жилээр эмчилгээ үргэлжилнэ. Тиймээс эмчилгээндээ цаг их зарцуулж, тууштай явах нь хамгийн чухал.

Дур мэдээн өөрсдөө эмчилгээ хийхгүй, заавал эмчийн хяналт дор эмчлүүлнэ. Арьс цайх өвчинд тосон түрхлэг, эм, гэрэл, мэс засал, нөсөөгүйжүүлэх, сэтгэлзүйн эмчилгээ хийгддэг.

Гэрэл эмчилгээг бусад гэрэлд мэдрэг бодисуудтай хавсарч, эмчилгээнд хамгийн өргөн хэрэглэж байна. Уг эмчилгээ нь биеийн хэсэг газарт арьсны өнгө өгч буй эсийг шинээр бий болгох, меланин будагч бодис бага бол нэмэгдүүлэх, меланоцит эсийг устгаж байгаа дархлааны урвалыг зогсоох эмчилгээ юм. Уг эмчилгээг хийлгэсэн хүмүүс нарны туяанаас маш сайн хамгаалах, нарны тос түрхэх, малгай өмсөх, нүдний шил зүүх шаардлагатай.

Арьс цайх өвчин санаа зовох зүйл биш. Эмчилгээ хийлгээд эдгэрдэг тул сэтгэл санаагаа өөдрөг байлгаарай" гэж зөвлөлөө.