Уншиж байна ...

Японы Улаан Армийн гишүүн асан шоронгийн хоолонд хахсаны улмаас нас баржээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Одоо татан буугдсан Японы Улаан Арми хэмээх террорист байгууллагын гишүүн асан Цүтомү Широсаки өнгөрсөн Бямба гарагт Токио хотын Фүчү шоронд нас баржээ.

76 настай байсан тэрбээр оройн хоолны үеэр хахсан нь үхэлд хүргэснийг албаны эх сурвалж Ням гарагт мэдээлсэн байна.

Широсаки нь 1986 онд Индонезын нийслэл Жакарта хот дахь Японы элчин сайдын яаманд халдлага үйлдсэн хэргээр хоригдож байжээ.

Тэрбээр 1977 онд өөр хэргээр ял эдэлж байхдаа хууль бус арга замаар шоронгоос суллагдаж байсан юм. Тухайн үед Японы Улаан Армийн гишүүд Japan Airlines компанийн зорчигч тээврийн нисэх онгоцыг барьцаалж, Бангладешийн нийслэл Дака хотод хүчээр газардуулсны дараа шоронд хоригдож байсан өөрийн хамтран зүтгэгчдийг суллах шаардлага тавьж байв.

1996 онд Балба улсын нутаг дэвсгэрээс баривчлагдсан Широсакийг АНУ-д хэдэн жил хорьсны дараа 2015 онд Японд шилжүүлэн өгч байжээ.

2016 оны арваннэгдүгээр сард Токио хотын шүүх түүнд 12 жилийн хорих ял оноосныг 2018 оны есдүгээр сард дээд шүүх баталсан байна.

Широсаки 1986 оны тавдугаар сарын 14-нд бусдын хамт Жакарта хотын нэгэн зочид буудлаас Японы элчин сайдын яамны байр руу хоёр ширхэг миномётын сумаар галлаж байжээ.

Азаар сумнууд дэлбэрээгүй тул ямар нэг хохирол учруулж чадаагүй юм байна.

 

Эх сурвалж: Yomiuri Shinbun