Уншиж байна ...

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болзошгүй болсон Камала Харрисын тухай

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден арваннэгдүгээр сарын сонгуульд дахин сонгогдохоор өрсөлдөхгүйгээ саяхан мэдэгдлээ.

Харин тэр өөрийн засаг захиргааны дэд ерөнхийлөгч Камала Харрисын нэрийг дэвшүүлэхийн төлөө байгаагаа зарласан юм.

Харрис нь 2020 онд Америкийн түүхэнд анхны эмэгтэй, анхны өнгөт арьстан дэд ерөнхийлөгч болж байв.

Гэхдээ ирэх сард Чикагод болох Ардчилсан Намын үндэсний чуулган ирэх сонгуульд тус намаас хэн нэр дэвшихийг шийдэх юм.

Чуулганы үеэр Харристай өрсөлдөх өөр улс төрчид нэрээ дэвшүүлэх боломжтой.

Одоо 59 настай Камала Харрис нь Калифорни мужийн Оклэнд хотод Энэтхэг гаралтай эх, Ямайк гаралтай эцгийн охин болон мэндэлж байжээ.

Сан-Франциско хотын Калифорни Мужийн Хуулийн Их сургуулийг дүүргэснийхээ дараа тэр орон нутгийн шат шатны прокурорын байгууллагуудад ажиллаж байв.

Улмаар 2010 онд Калифорни мужийн ерөнхий прокурор болж, дөрвөн жилийн дараа улиран томилогдож байжээ.

2016 онд АНУ-ын Сенатын гишүүн болсныхоо дараа Харрис ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлогыг хүчтэй шүүмжлэгч болон алдаршсан юм.

Харрисын нөхөр Даг Эмхоф хуульч мэргэжилтэй бөгөөд тэд хүүхэдгүй юм байна.

Камала Харрис 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх зорилготой байсан ч Ардчилсан Намын дотоод сунгааны мэтгэлцээнд тааруу үнэлгээтэй оролцсоныхоо дараа нэрээ татсан юм.

Дараа нь Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден өнгөт арьстан сонгогчдын саналыг авахын тулд Харрисыг өөрийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлж байв.

Харрис нь ажил хөдөлмөрийн замналынхаа туршид хэд хэдэн анхдагчийн алдрыг хүртсэн юм.

Тухайлбал тэр Сан-Франциско хотын прокурор, Калифорни мужийн ерөнхий прокурор, Калифорни мужийн сенатор, АНУ-ын дэд ерөнхийлөгч болохдоо тухайн албан тушаалд томилогдсон “анхны өнгөт арьстан эмэгтэй” хэмээх алдрыг зүүж байжээ.

Тэр бас АНУ-ын дэд ерөнхийлөгчийн суудалд заларсан анхны цагаачийн охин болсон байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Байдены засаг захиргааны хэрэгжүүлсэн олон чухал бодлогын ард Харрис байсан гэдэг.

Тухайлбал тэр дэд бүтэц, цагаачлал, галт зэвсгийн хяналт, үр хөндүүлэх эрхийн талаар хууль тогтоомжуудыг батлуулахад гол үүрэгтэй оролцжээ.

Гэхдээ Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трампыг ялж чадах эсэх нь маргаантай хэвээр байна.

Өнгөрсөн сард болсон анхны мэтгэлцээний дараа Байдены нэр хүнд суларч, санал асуулгуудыг Трамп тэргүүлж эхэлсэн. Харрисын рэйтинг ч бас Трамптай харьцуулахад сайн байгаагүй.

Гэхдээ Байден нэрээ татах шийдвэр зарласны дараа энэ байдал өөрчлөгдөнө гэж Харрисын дэмжигчид үзэж байна.

 

Эх сурвалж: Aljazeera