Уншиж байна ...

Украины шинэчлэгдсэн дрон Хар тэнгисийн хаана ч Оросын хөлгийг устгах чадвартай болсон гэв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Украины аюулаас хамгаалах алба СБУ өөрийн үйлдвэрийн “Sea Baby” тэнгисийн дроны шинэ хувилбарын талаар саяхан мэдээлжээ.

Нэг тонн гаруй хэмжээтэй тэсрэх бодисыг 1,000 гаруй километр зайд тээвэрлэх чадвартай энэхүү шинэ хувилбар нь Хар тэнгисийн хаана ч Оросын байлдааны хөлгийг устгах чадвартай болсон гэнэ.

“Sea Baby” дроны өмнөх хувилбар 800 кг тэсрэх бодисыг 800 км зайд тээвэрлэх дээд хүчин чадалтай байжээ.

“Өнөөдөр СБУ дайсны хөлөг онгоцыг Хар тэнгисийн хаана ч устгах боломжтой боллоо” гэж СБУ-ын хэвлэлийн төлөөлөгч Артем Дехтяренко дотоодын хэвлэлд ярьсан байна.

Тэрбээр дроны шинэ хувилбарын техник үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

“Sea Baby” дрон өнгөрсөн хугацаанд Оросын 11 байлдааны хөлөгт цохилт өгсөн гэнэ.

Оросын Хар тэнгисийн флот сүүлчийн хөлөг онгоцоо Крымээс татсан тухай энэ долоо хоногийн эхээр Украины тэнгисийн зэвсэгт хүчний төлөөлөгч мэдээлсэн юм.

Энэ оны эхээр Украины тал Оросын Хар тэнгисийн флотын нийт хөлөг онгоцнуудын гуравны нэгийг устгаад байгаагаа зарлаж байв.

Гуравдугаар сард Их Британийн батлан хамгаалах яам Хар тэнгисийн флот “үндсэндээ ажиллагаагүй болсон” гэж дүгнэж байжээ.

Тухайн үед бас Украины тал тэнгисийн дрон дээрээ хуурай газарт цохилт өгөх чадвартай пуужин суулгадаг болсныг эх сурвалжууд мэдээлж байв.

Өнгөрсөн сард Украины тэнгисийн дроны хүчний командлагч, бригадын генерал Иван Лукашевич 20 хүртэл тооны дроныг нэгтгэх замаар байлдааны нэг хөлөг онгоцыг орлуулах хэмжээний ажиллагаа явуулах чадвартай болсноо The Wall Street Journal сонинд ярьж байжээ

Украины энэ амжилт АНУ, Их Британи, Франц зэрэг улсуудад тэнгисийн зэвсэгт хүчиндээ дроныг түлхүү ашиглах санаа өгснийг Hudson Institute хүрээлэнгийн ахлах судлаач Брайан Кларк өнгөрсөн долоо хоногийн нийтлэлдээ бичсэн байна.

“Украины жижиг хэмжээтэй, өртөг багатай тэнгисийн дронууд ирээдүйн тактик, байлдааны чадавхын талаар гайхалтай шинэ санааг өгч байна” гэж тэр бичжээ.

Гэхдээ Оросын тал Хар тэнгисийн усанд хяналтаа алдаж байж болох ч агаарт ноёлсон хэвээр байгааг Өрнөдийн мэргэжилтнүүд анхааруулж байна. Хэрвээ холбоотнуудын амласан F-16 сөнөөгч онгоцнууд Украинд ирвэл энэ байдал бас өөрчлөгдөх боломжтой гэж тэд дүгнэжээ.

 

Эх сурвалж: Business Insider