Жил бүр телевизийн урлагийн шилдэг бүтээлүүдийг тодруулдаг Эммийн Шагналын нэр дэвшигчдийг зарлах арга хэмжээ Лхагва гарагт Лос-Анжелес хотод зохион байгуулагджээ.
Энэ жилийн өрсөлдөөнийг шагналын нийт 25 төрөлд нэр дэвшсэн FX сувгийн бүтээл “Shogun” түүхэн цуврал тэргүүлсэн байна.
17 дугаар зууны эхэн үеийн Японы феодалуудын зөрчил тэмцлийг үзүүлдэг “Shogun” цувралыг Жэймс Клавеллын түүхэн роман дээр үндэслэн бүтээжээ.
Уг бүтээлийн дараа “The Bear” цуврал 23 төрлийн нэр дэвшилтээр удаалж, инээдмийн ангиллын дээд амжилтыг тогтоосон байна.
76 дахь удаагийн Эммийн Шагналын арга хэмжээний сүүлчийн ээлжийн санал хураалт ирэх сард болох ба шагнал гардуулах ёслол нь есдүгээр сарын 15-нд төлөвлөгджээ.
Дараагийн хоёр бүлэг нь бүтээгдэж буй “Shogun” цуврал энэ оны турш дэлхийн олон орны телевиз үзэгчдийг байлдан дагуулсан юм.
Сонирхолтой нь уг цувралын гол дүрүүдийн нэг Японы аралд очсон Английн далайчны дүр (жүжигчин Космо Жарвис) ямар нэг шагналд нэр дэвшээгүй байна.
“Shogun” цуврал Эммийн Шагналын драм төрөлд Netflix-ийн “The Crown”, Apple-ийн “The Morning Show” бүтээлүүдтэй өрсөлдсөн юм.
Эммийн Шагналын ёслол 2024 онд хоёр удаа тохиож байгаа. Учир нь өнгөрсөн оны арга хэмжээ Холливүүдийн уран бүтээлчдийн ажил хаялтын улмаас хойшилж, энэ оны нэгдүгээр сард зохион байгуулагдсан юм.
АНУ-ын Телевизийн Академийн гишүүд нэр дэвшсэн бүтээлүүдийг нэг сарын турш үзэж танилцсаны дараа эцсийн саналаа өгнө.
Энэ удаагийн шагналд 2023 оны зургаадугаар сараас 2024 оны тавдугаар сарыг хүртэлх хугацаанд телевизээр цацагдсан бүтээлүүд өрсөлдөж байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!