15-29 насны залуусын сургуулиа төгссөнөөс хойш ажилд орох дундаж хугацаа 11.5 сар болсон тухай Өмнөд Солонгосын статистикийн алба өчигдөр мэдээлжээ.
Энэ нь өмнөх онтой харьцуулахад 1.1 сараар уртассан, ийм тоо баримт гаргаж эхэлсэн 2004 оноос хойших хамгийн урт хугацаа болсон байна.
Судалгаанд оролцсон залуусын 47.7 хувь нь гурван сарын дотор, 30 хувь нь нэг жилээс урт хугацааны дараа ажилд орж байжээ.
Харин ажил олоход гурван жилээс илүү хугацаа зарцуулсан залуусын хэмжээ өмнөх оны 8.4 хувиас энэ онд 9.7 хувь болж өссөн байна.
Боловсролын түвшнээр авч үзвэл ерөнхий боловсролын дипломтой болон түүнээс доош боловсролтой залуусын ажил олох дундаж хугацаа 17.6 сар болжээ. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 14.8 сар байсан юм.
Харин их дээд сургууль төгсөгчид өнгөрсөн оны 8.2 сартай харьцуулахад энэ жил дунджаар 8.3 сарыг ажил олоход зарцуулжээ.
Энэ оны тавдугаар сарын байдлаар Өмнөд Солонгост 1.29 сая төгсөгч ажилгүй байсан байна.
Өнгөрсөн оны мөн үед энэ хэмжээ 29,000-аар бага байжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!