Зургаадугаар сарын 12-ны өдөр Дани улсын эрх баригчид Өмнөд Солонгосын Samyang үйлдвэрлэгчийн Buldak брэндийн гоймонтой бэлэн хоолны гурван төрлийг “хэтэрхий их халуун ногоотой” гэсэн үндэслэлээр зах зээлээс буцаан татах, борлуулахыг хориглох шийдвэр гаргаж байв.
Тэгвэл өчигдөр энэ шийдвэрээ хэсэгчлэн цуцалж, хориглосон гурван төрлийн бэлэн хоолны хоёрыг зах зээлд үргэлжлүүлэн борлуулахыг зөвшөөрчээ.
Данийн эрх баригчдын гаргасан мэдэгдэлд “Шинэчилсэн шинжилгээний үр дүн болон Данийн Техникийн Их сургуулийн (DTU) Хүнсний Хүрээлэнгээс гаргасан дүгнэлтийн дагуу Samyang Buldak 2x Spicy Hot Chicken, Samyang Buldak Hot Chicken Stew гэсэн хоёр бүтээгдэхүүнд капсайцин бодисын хэмжээ зөвшөөрөгдөх түвшинд байгааг тогтоолоо. Тиймээс энэ хоёр бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд хоргүй гэж үзээд Данийн дэлгүүрүүдэд худалдаалахыг зөвшөөрч байна” гэсэн байна.
Харин гурав дахь бүтээгдэхүүн болох Samyang Buldak 3x Spicy Hot Chicken-д тавьсан хоригоо хэвээр үлдээжээ.
Уг бүтээгдэхүүн дэх капсайцины хэмжээг хурц хэлбэрийн хоолны хордлого үүсгэх эрсдэлтэй гэж үзсэн байна.
Данийн эрх баригчдын нэг сар гаруйн өмнө гаргасан шийдвэрийг Samyang Foods компани хачирхан хүлээж авч, халуун ногооны хэмжээтэй холбоотой дэлхийн хэмжээнд гарсан анхны хориг гэж үзэж байв.
Buldak брэндийн бэлэн хоол одоо Умард Америк, Европ, Зүүн Өмнөд Азийн 80 орчим улсын зах зээлд худалдаалагддаг юм.
Samyang Foods компани Данийн эрх баригчдын сүүлийн шийдвэрийг талархан хүлээж авч буйгаа өчигдөр мэдэгджээ.
Хүнсний бүтээгдэхүүн дэх халуун ногооны хэмжээг капсайцин бодисын нягтралыг тодорхойлдог Scorville Heat Unit (SHU) хэмээх нэгжээр хэмждэг.
Buldak брэндийн бүтээгдэхүүнүүдийн халуун ногооны түвшин 8,706 SHU хэмжээнээс эхэлдэг байна.
Тухайлбал Buldak 2x Spicy Hot Chicken 10,000, Buldak 3x Spicy Hot Chicken 13,000 SHU хэмжээтэй байдаг ажээ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!