Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын төв телевиз Европын нийслэл хотууд руу пуужин харвахаар сүрдүүлэв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Оросын төрийн өмчит Россия-1 телевизийн суваг Ням гарагийн орой дамжуулсан нэвтрүүлэгтээ Европын тивийн улсуудын нийслэл хотуудад алсын тусгалын пуужингаар довтлох сүрдүүлгийг үзүүлжээ.

“Хэрвээ манай пуужингуудыг Калининград мужид байрлуулбал Берлин, Варшав, Балтийн бүх нийслэлүүд, Парис, Бухарест, Прага зэрэг Европын бараг бүх нийслэл хотуудаас гадна мэдээж бас Герман дахь АНУ-ын баазуудад аюул тулгарна” гэж тус нэвтрүүлгийг хөтөлсөн Төрийн Думын гишүүн Евгений Попов ярьсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Вашингтонд болж өнгөрсөн НАТО-гийн дээд хэмжээний чуулганаар 2026 оноос эхлэн Германы баазуудад алсын тусгалын зэвсгүүд байрлуулах төлөвлөгөөг зарласан юм.

Тэгвэл Поповын хөтөлсөн нэвтрүүлэгт НАТО-гийн боломжит цохилтын байнуудыг харуулсан газрын зургийг үзүүлжээ.

“Манай уламжлалт дайсан болох Британид онцгойлон анхааруулж байна. Британи хамгийн эмзэг байрлалд байгаа. Тэдний соёл иргэншлийг устгахад гурван пуужин хангалттай” гэж Попоп энэ үеэр ярьсан байна.

Поповын сүрдүүлэг нь Бямба гарагт Кремлиэс гаргасан мэдэгдлийн агуулгатай таарч байгаа юм.

Хэрвээ Германд Америкийн пуужингуудыг байрлуулбал Европын хотууд Оросын пуужингийн овоо хараанд орохыг уг мэдэгдэлд анхааруулж байв.

“Хэрвээ манай улс Европ дахь АНУ-ын пуужингуудын бай болбол Европын хотууд манай пуужингуудын овоо хараанд орох болно. Бидэнд ийм хэмжээний пуужин гаргах боломж бий, харин боломжит хохирогч нь эдгээр улсуудын нийслэлүүд байх юм” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэж байлаа.

“Европ сүйрлийн ирмэгт байна. Европ хамгийн сайхан цаг үеэ үзээгүй байна. Байдал өөрөөр эргэвэл түүх давтагдах нь гарцаагүй” гэж Песков нэмж хэлсэн нь Зөвлөлт Холбоот Улс задрахаас өмнөх Хүйтэн Дайны байдалд дахин шилжих боломжтойг анхааруулсан хэрэг байв.

Германд алсын тусгалын зэвсэг байрлуулах болсон шалтгааныг Европ тив дэх НАТО-гийн холбоотнуудаа Оросын халдлагаас хамгаалах зорилготой гэж АНУ-ын засаг захиргаа тайлбарласан юм.

Герман улсын армид газраас харвах зориулалттай алсын тусгалын зэвсэг байдаггүй. Зөвхөн нисэх онгоцноос харвах далавчит пуужингууд байдаг юм.

Хүйтэн Дайн дууссаны дараа Москвагийн зүгээс ирэх аюул занал эрс багассан гэж үзээд Европ дахь пуужингуудынхаа тоог АНУ бууруулж байжээ.

Харин 2022 оны хоёрдугаар сард эхэлсэн Украины дайн Европ тивийг дахин зэвсэглэхэд хүргээд байна.

 

Эх сурвалж: AFP