Уншиж байна ...

Сөүл хотын төвд автомашин явган зорчигчдыг дайрсны улмаас 9 хүн амиа алдаж, 4 хүн бэртжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн оройн 9:27 цагийн орчимд Сөүл хотын захиргааны байрны ойролцоо автомашин замаасаа гарч, явган зорчигчдыг дайрсан осол гарчээ.

Үүний улмаас есөн хүн амиа алдаж, дөрвөн хүн бэртсэн байна. Осол гаргасан седан загварын автомашины жолооч 68 настай эрэгтэй байжээ.

Гэрлэн дохио хүлээж зогссон явган зорчигчид руу автомашин нь гэнэт өөрөө хурдалснаас ийм осол гарсныг жолооч нь цагдаа нарт мэдүүлсэн байна.

Мөргүүлсэн зургаан хүн газар дээрээ нас барж, гурван хүн эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл болсон явдлын талаар мэдээлэл авч, дотоод хэргийн сайд болон бусад албаны хүмүүст хохирогчдын амь нас, эрүүл мэндийг аврахын тулд бүх арга хэмжээг авахыг даалгажээ.

Сөүл хотын захирагч О Сэ Хүүн ослын газарт биеэр ирж нөхцөл байдалтай танилцсан байна.

Цагдаа нар ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

зураг
 

Автомашины жолооч болон түүний эхнэр бэртсэн тул эмнэлэгт хүргэгдсэн байна. Жолооч осол гаргах үедээ согтуурсан буюу мансуурсан байсан эсэхийг эцэслэн тогтоогоогүй байгааг цагдаа нар мэдээлжээ.

“Жолооч бас бэртсэн тул мөрдөн байцаах ажиллагааг хараахан эхлүүлээгүй байна. Түүнийг ярих боломжтой болсны дараа бид шалгаж эхэлнэ” гэж цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Урьдчилсан байдлаар жолооч согтуу байгаагүйг тогтоожээ.

Уг автомашин эхлээд эсрэг урсгалд орж, хоёр автомашиныг мөргөснийхөө дараа явган хүний зам руу орсныг хяналтын камерын бичлэг харуулсан гэнэ.

Энэхүү осол нь ахмад настнуудын тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой аюулгүй байдлын асуудлыг нийгмийн анхаарлын төвд оруулж байна.

 

Эх сурвалж: Yonhap News