Уншиж байна ...

И.Сумъяабазар: Бэлтгэл ажил бүрэн дууссаны дараа Сэлбэ голын үерийн даланг угсарч эхэлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажлын тендерт “Билгүүн Монгол констракшн” ХХК шалгарч зургаадугаар сарын 20-ноос Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүлээд байгаа билээ.

Бүтээн байгуулалтын явцын талаар “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн талбайн инженер И.Сумъяабазар “Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажлын бэлтгэл 90 хувьтай үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар үерийн даланг өндөрлөх ажлын хүрээнд голын голдирол хааж, урсцыг боомилсон мод бургасыг нүүлгэн шилжүүлэн, 3,000 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэлээ.

Бэлтгэл ажил бүрэн дууссаны дараа голын урсцыг нэмэгдүүлэх болон нийт 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөр, төмөр бетон хийцтэй үерийн даланг хийх юм. Уг далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжилнэ” гэлээ.

зураг