Уншиж байна ...

Ч.Лодойсамбуу: МАН-аас хамтрах урилга өгсөн. Шинэ "МАНАН"-г үүсгэж болохгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялсан нэр дэвшигчдэд гишүүний үнэмлэх гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Бид 2004-2016 онд хамтарч ирсэн туршлагатай. Үр дүнд нь МАНАН гэх ойлголт үүссэн. Хамтарч хулгай, авлигын схем хийсэн. Үүнийг өнгөрсөн чуулганы үед сонсгол хийж, "би", "чи" дээрээ тулсан. 

Шинэ "МАНАН"-г үүсгэж болохгүй гэсэн байр суурьтай байна. Үндсэндээ энэ ажлыг хоёр талаас нь харж байгаа. Эхнийх нь төрийн ажил талаасаа улс төрийн нам ямар нэг байдлаар эрх мэдэл авч, өөрсдийн мөрийн хөтөлбөр бодлогоо хэрэгжүүлэхээр сонгууль хийдэг.

Эвсэж, хамтраад явбал улс төр талаас нь харахаар ямар ч хариуцлага хяналтгүй Засгийн газар болно. Ер нь манай өнөөдрийн байдлаар засаглалын хэлбэр тодорхойгүй байгаа.

Парламентын засаглалтай гэж хууль дээр байгаа боловч Ерөнхий сайдын засаглалтай. Улс төрчгүйгээр гол ажлуудаа явуулъя гэдэг шалтгаан хэлж байгаа. 

Өөр нам битгий хэл өөрсдөө дангаараа найман жил засаглахдаа юу ч хийгээгүй. Үүнийг сонгуулиар бид зөндөө ярьсан. 

Одоохондоо саналын түвшинд МАН-аас хамтрах урилга өгсөн. Манай нам дотроо ярилцах байх.

Хамгийн түрүүнд Засгийн газрын бүрэлдэхүүнийг ярилцах ёстой. Засгийн газрыг хэрхэн цомхон, мэргэжлийн түвшинд аваачих, төсвийн зардлаа яаж багасгах, хамтраад ямар ажил хийх гэж байгаа зорилгоо тодорхой болгох ёстой. 

Зорилгогүй нийлнэ гэдэг нь шинэ "МАНАН"-г хийе гэсэн санал байна. Санаа амар дахиад дөрвөн жил явъя санаархал байна. Ийм байж болохгүй.