Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

ХОХИРОГЧИД: "Bridge real state" компанийн захирал М.Баярмаа 280 гаруй иргэнээс 25-200 сая төгрөг луйвардсан

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Bridge real state" компанийн захирал М.Баярмаа их хэмжээний мөнгө зээлж хүүнд нь байрандаа үнэгүй суулгана хэмээн 280 гаруй иргэнийг хохироосон талаар иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ тухай иргэдийн төлөөлөл "М.Баярмаа захирал иргэдээс 25-200 сая төгрөг авсан. Хохирогчид бүгд "Bridge real state" компанид итгэж, гэрээ байгуулсан юм. Энэ компани анх нэртэй жүжигчид, олны танил хүмүүсээр реклам хийлгэж, олны итгэлийг олж авсан.

Бид М.Баярмааг мөнгөө буцааж өгөх болов уу гэж бүтэн жил хүлээлээ. Өнгөрсөн хугацаанд мөнгө өгсөн хүмүүсийн нөхцөл байдал хэцүүдсэн. 280 хүн гомдолтой гээд цагдаад хандаад өнгөрсөн долоо хоногт л прокурор руу шилжсэн. Цаашлаад хэзээ шүүхэд очих юм бүү мэд.

Энэ компанийн захирал нь Цэцэрлэгт хүрээлэнгийн тал газар нь минийх, энд хөрөнгө оруулалт авахаар удахгүй мөнгөө өгнө гэж үлгэр ярьсаар бүтэн жил болов. Энэ хугацаанд зарим иргэн амьдрах газаргүй болоод байна" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэдийг бухимдуулж буй бас нэг асуудал нь хууль хяналтын байгууллагаас ажлаа зохих ёсоор хийдэггүй. Тодруулбал нийт 280 гаруй иргэнээс 5-6 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэг гээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст бүтэн жил шалгагдаад Хан-Уул дүүргийн прокурор руу шилжүүлсэн. Олон хохирогчтой, их мөнгөний хэрэг учраас шалгах шаардлагатай байна гэсэн тайлбарыг хуулийнхан өгдөг ч ажилдаа хойрго хандаж байгаад хохирогчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.

Хохирогчид энэ талаар "Мөнгөө луйвардуулсан иргэд шантарч эхэллээ. Мөн ганцхан М.Баярмаа дээр хэрэг үүсгэсэн байгааг ойлгохгүй байна. Уг компанийн менежер н.Төгөлдөр, Н.Халиун, н.Хулан гээд олон хүн бий. Биднийг хохироосон хүмүүс ахиад өөр компани байгуулаад явж байна. 

Олон хохирогчтой байх тусмаа иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулаад бүтэн жил шалгасан мөртлөө ахиад материал дутуу гээд буцаах маягаар хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж байна гэж хардаж байна.

Өнгөрсөн хугацаанд цагдаа дээр шалгагдаж байгаа атлаа ахин өөр хүмүүсийг ч хохироож болзошгүй" гэж онцоллоо.