Төв Азийн технологийн төв болох Казахстан улсын Астана хотод зохион байгуулагдах “Google for Startups”-ийн "Silkway Accelerator" буюу торгоны замын хурдасгуур хөтөлбөрт 8 улсаас 320 стартап өрсөлдсөнөөс шилдэг 16 төслийн нэгээр Монгол улсаас “Lambda Global” компани тэнцэж оролцохоор боллоо.
Энэхүү хөтөлбөрт өмнө нь Монголоос хэд хэдэн компаниуд амжилттай оролцож Азийн зах зээлээс хөрөнгө оруулалт татаж чадсан бөгөөд Shoppy.mn цахим худалдааны платформ болон үүлэн технологийн Fibo Cloud компаниуд өөрсдийн технологио экспорт хийсэн амжилттай туршлагуудаас дурдаж болно.
Lambda Global нь Монгол талентуудыг дэлхийтэй, Дэлхийн талентуудыг Монголтой холбох алсын хараатай төсөл юм. Уг төслийг гадаад дотоодын олон бизнесийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж босгосон сериал энтрепренер В.Баярсайхан өөрийн туршлага болон тулгарч байсан асуудлуудаас улбаалан шийдэх зорилготой санаачлан хөгжүүлж байна.
Хиймэл оюун ухаан дээр суурилсан www.lambda.global платформ дээр нэг сарын хугацаанд 2,800 гаруй шилмэл талентууд бүртгүүлснээс ~40% буюу 1000 орчим нь дөрвөн шатны сонгон шалгаруулалтыг давж Шилмэл буюу Verified Talents болоод байна. Одоогоор талентуудын ихэнх нь Монгол мэргэжилтнүүд хэдий ч гаднын талентууд эхнээсээ бүртгүүлж ур чадвараа баталгаажуулж эхлээд байна.
Ур чадвартай талентын хэрэгцээтэй компаниуд lambda.global холбоосоор орж гишүүнээр элсэн, багаа өндөр чадвартай шилмэл талентуудаар өргөтгөж бизнесээ хурдасгах боломжтой юм байна.