Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Үнэлгээтэй холбоотой будилааны улмаас Энэтхэгийн элсэлтийн шалгалт хариуцсан түшмэл ажлаасаа чөлөөлөгдөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт маргаан будилаантай болсны улмаас Энэтхэгийн Үндэсний Шалгалтын Агентлагийн (NTA-National Testing Agency) тэргүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

Энэтхэгийн засгийн газар бас элсэлтийн шалгалт зохион байгуулах ажлыг шинэчлэх зөвлөмж боловсруулах үүрэгтэй түр хороог байгуулсан байна.

Энэ жилийн анагаах ухааны их дээд сургуулиудын элсэлтийн шалгалтад олон мянган залуус ер бусын өндөр оноо авцгаасан нь маргаан дэгдээсэн юм.

Шалгалтын материалыг задалсан, үнэлгээнд луйвар, алдаа гарсан гэх зэрэг олон сэжиг таамаг яригдаж, шалгалтыг дахин явуулахыг шаардсан тэмцэл хөдөлгөөн Энэтхэг даяар өрнөсөн байна.

NEET (National Eligibility Cum Entrance Test) нь Энэтхэгийн анагаах ухааны чиглэлийн их дээд сургуулиудад элсэн орох цорын ганц шалгалт байдаг.

Жил бүр ерөнхий боловсролын сургуулийн олон сая төгсөгч энэ шалгалтад ширүүн өрсөлдөж, хамгийн өндөр оноо авсан цөөхөн хэсэг нь тэнцдэг юм.

Гэтэл зургаадугаар сарын 4-нд зарласан дүнгээс энэ жилийн шалгалтад хэтэрхий олон хүн өндөр оноо авсан нь сэжиг төрүүлсэн байна.

Дүнг зарласны дараа Энэтхэгийн боловсролын сайд Дармендра Прадхан шалгалтын үйл явцад “зарим алдаа дутагдал” илэрснийг хүлээсэн юм.

Өчигдөр буюу Бямба гарагт сайд NTA-ийн тэргүүн Субодх Кумар Сингхийг ажлаас нь чөлөөлжээ.

Сөрөг хүчнийхэн болон төгсөгчдийн төлөөлөл элсэлтийн шалгалтын будилааны улмаас Энэтхэг даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн нь дахин сонгогдоод удаагүй байгаа ерөнхий сайд Нарендра Модигийн эрх баригч намд томоохон дарамт болж байна.

 

Эх сурвалж: BBC