Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Австрийн иргэдийн төлөөлөл их хэмжээний мөнгийг юунд зарцуулахыг өв залгамжлагчийн өмнөөс шийдвэрлэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Өв залгамжлагч Марлен Энгельхорн

Энэ оны эхээр Австрийн иргэн Марлен Энгельхорн өвөг эцгээсээ өвлөж авсан их хэмжээний мөнгийг хэрхэн зарцуулахыг шийдвэрлүүлэхээр 50 хүнтэй олон нийтийн зөвлөл байгуулж байсан юм.

Тэгвэл энэ зөвлөл уг мөнгийг нийгэм, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг олон чиглэлд ажилладаг нийт 77 байгууллага, сан, судалгааны хүрээлэнд хуваарилах шийдвэрийг өчигдөр гаргажээ.

32 настай Энгельхорн нь Германы хими, эмийн үйлдвэрлэлийн BASF компанийг үүсгэн байгуулагч Фредрих Энгельхорны ач охин юм. Тэр өвөг эцгээсээ өвлөсөн хөрөнгөөс 25 сая еврог нийгмийн сайн сайхны төлөө зарцуулахаар шийдэж байжээ.

Ингэхдээ Австрийн иргэдийн төлөөлөл болсон 50 хүнтэй зөвлөлд энэ эрхийг шилжүүлэхээр болж байв.

Хатагтай Энгельхорн өөрөө баялгийн тэгш хуваарилалтыг дэмждэг үзэлтэй хүн юм.

Түүний байгуулсан зөвлөл энэ оны гуравдугаар сараас зургаадугаар сар хүртэл хугацаанд өв залгамжилсан мөнгийг хэрхэн шийдвэрлэх асуудлаар Зальцбург хотод зургаан удаа хуралджээ.

Хамгийн бага хандив болох 40,000 еврог уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдээлэл боловсруулах төсөлд хуваарилсан бол хамгийн их хэсэг болох 1.6 сая еврог Австрийн Байгаль Хамгаалах Холбоонд хуваарилсан байна.

Иргэдийн зөвлөлийн хамгийн залуу гишүүн болох 17 настай Вена хотын оршин суугч Кириллос Гадалла энэ үйл ажиллагаанаас асар их зүйл сурснаа ярьжээ.

“Ардчиллын бүх зарчимтай зөрчилдөн байж надад ирсэн их баялгийн багагүй хэсгийг би ардчиллын үнэт зүйлсийн дагуу дахин хуваариллаа” гэж Энгельхорн шийдвэр гарсны дараа мэдэгдсэн байна.

2022 оны есдүгээр сард эмэг эх Траудл Энгельхорн-Векиаттог нас барсны дараа тэр олон саяын хөрөнгө өвлөж авч байжээ.

Форбс сэтгүүл эмэг эхийнх нь хөрөнгийн хэмжээг $4.2 тэрбум гэж тооцоолж байв.

Хатагтай Энгельхорн яг хэр хэмжээний мөнгө өвлөж авсан нь тодорхойгүй байгаа ч 2021 онд хэвлэлд ярихдаа хамгийн багадаа 90 хувийг нь нийгмийн сайн сайхны төлөө зарцуулахаа мэдэгдэж байжээ.

Өмнө нь тэр Австри улсад өв залгамжлалын татварыг буцаан сэргээхийг уриалж байсан юм. Энгельхорн өв залгамжлалыг “азын сугалаа”-тай зүйрлэж байжээ.

Австри улс 2008 онд өв залгамжлалын татварыг цуцалж, ийм төрлийн татваргүй Европын цөөхөн орны нэг болсон юм.

 

Эх сурвалж: BBC