Өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-нд Улаанбаатар хот орчмоор үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.
Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас өгсөн мэдээллээр зургаадугаар сарын хоёрдугаар 10 хоногт огцом халах, гуравдугаар 10 хоногт борооны өмнө хүчтэй нөөлөг салхи салхилж, гэнэтийн дуу цахилгаатай аадар бороо, мөндөр орохоор байгаа юм.
Түүнчлэн 7, 8 дугаар сард олон жилийн дунджаас хур тунадас ахиу орох урьдчилсан төлөвтэй байгаа тул болзошгүй үерийн аюулаас сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ)-аас гаргасныг хүргэж байна.
Мөн аялал жуулчлал, амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан голуудын усны түвшин ямар байгаа талаар Онцгой Байдлын Ерөнхий Газрын(ОБЕГ)-аас дараах мэдээллийг өгөв.
Зургаадугаар сарын 18-ны байдлаар Хэрлэн голын эхээр, Хангай нурууны Буянт, Заг, Цагаантуруут, Увс нуурын Баруунтуруун зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгджээ. Мөн Ховд гол Мянгад сумын орчимд үерийн түвшнийг 30 см орчим давсан байна.
Тиймээс голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байж, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байж, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!