Уншиж байна ...
Зураг
Зураг

Крымийн хойгт Украины өгч буй цохилт Оросын армийг тэнд байлдааны ажиллагаа явуулах аргагүй болгож болзошгүй гэнэ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Украины арми сүүлийн үед Крымийн хойгт байрладаг Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг эрчимтэй ангуучилж байна. Ялангуяа сүүлийн долоо хоногт нэлээд амжилт гаргаад байгаа.

Үүний улмаас Оросын арми удахгүй Крымийн хойгоос Украины газар нутагт цохилт өгөх боломжгүй болж болзошгүйг ISW (Institute for the Study of War) стратеги судалгааны хүрээлэн Пүрэв гарагт нийтлүүлсэн тайландаа дүгнэжээ.

Ням гарагаас Даваа гарагт шилжих шөнө Украины арми АНУ-аас нийлүүлсэн ATACMS (Army Tactical Missile Systems) зэвсгээр Крымийн хойгт байрладаг Оросын нэг С-400, хоёр С-300 агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системийг устгасан байна.

Үүнээс хоёр хоногийн дараа дахин нэг С-300, хоёр С-400 системийг устгаснаа Украины зэвсэгт хүчний ерөнхий штаб мэдээлжээ. Ингэхдээ ямар зэвсэг хэрэглэснээ дурдаагүй ч мөн ATACMS байх өндөр магадлалтай байна.

С-300 ба С-400 нь Оросын хамгийн орчин үеийн системүүд юм.

Гэвч эдгээр нь АНУ-аас илгээсэн харьцангуй хуучинд тооцогддог зэвсгийн цохилтоос өөрийгөө хамгаалж чадахгүй байгааг ISW тайландаа онцолсон байна.

Лхагва гарагт Форбс сэтгүүлд бас үүнтэй ижил шинжээчийн дүгнэлт нийтлэгдсэн юм.

Уг дүгнэлтэд Оросын С-400 систем ойролцоо байрласан цэргүүдээ, тэр ч байтугай өөрийгөө ч хамгаалж чадахгүй байгааг бичжээ.

Цэрэг, зэвсгийн хүчээ Украины фронтод илгээхдээ Крымийн хойгоор дамжуулдаг Оросын хувьд энэ нь ноцтой асуудал болж байна.

Сүүлийн үед Оросын зэвсэгт хүчин фронтын шугамын хангамж, нийлүүлэлтэд өөр зам хайж эхэлсэн нь үүний нотолгоо юм.

Мөн уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Оросын тал зохион бүтээгдээд удаагүй байгаа шинэхэн С-500 системээ Крымд саяхан байрлуулсан тухай Украины цэргийн тагнуулын газрын тэргүүн Кирило Буданов энэ долоо хоногт ярьсан байна.

Крымийг тойрсон агаар болон тэнгисийн цохилтууд амжилттай болж байгаа нь Оросын армийг эндээс байлдааны ажиллагаа явуулах боломжийг улам багасгаж байгаа нь үнэн. Гэхдээ Крымийн хойгоос Оросын цэргийг гаргахад энэ нь хангалттай биш, хуурай замын томоохон довтолгоо шаардлагатай гэж зарим судлаачид үзэж байна.

“Крымээс Оросын цэргийг гаргахад Украины армийн хуурай замын томоохон ажиллагаа шаардлагатай. Крымийн хойг Оросын хувьд стратегийн өндөр ач холбогдолтой нутаг тул томоохон тулаангүйгээр цэргээ гаргахгүй” гэж Их Британийн Royal United Services Institute хүрээлэнгийн захирал Мэттью Сэвилл тайлбарлажээ.

RAND Europe байгууллагын аюулгүй байдлын судалгааны хэлтсийн захирал Жэймс Блэк дээрхтэй ижил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

“Крым бол Кремлийн хувьд стратегийн болон улс төрийн чухал ач холбогдолтой нутаг. Оросын цэргийн хүчийг эндээс гаргавал ерөнхийлөгч Путин болон түүний цэргийн удирдлага дотоод болон гадаад ертөнцөд тун эвгүй байдалд орох болно” гэж тэр хэлжээ.

 

Эх сурвалж: Business Insider