Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн бизнесийн түүхэнд байгаагүй өндөр шагнал урамшууллыг Илон Маск хүртэхээр боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Тесла компанийн хувь эзэмшигчид өчигдөр тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн удаан яригдсан урамшууллын дүнг баталжээ.

Тэрбээр 2018 оноос хойш гаргасан амжилтынхаа төлөө $56 тэрбум хүртэл хэмжээтэй урамшуулал хүртэхээр болсон нь Америкийн бизнесийн салбарын түүхэнд байгаагүй их мөнгө юм.

$56 тэрбум хүртэл гэсний шалтгаан нь Тесла компанийн хувьцааны ханшаас хамаарч хэмжээ эцэслэн тогтоогдохтой холбоотой юм.

Өчигдөр Тесла компанийн жил тутмын хувьцаа эзэмшигчдийн хурал тус компани албан ёсны бүртгэлтэй Техас мужид зохион байгуулагджээ.

Өмнө нь Делавар мужид Тесла бүртгэлтэй байсан юм. Гэвч Маскийн урамшууллын хэмжээг энэ оны эхээр Делавар мужийн шүүх “үндэслэлгүй хэт өндөр” гэж үзээд хориг тавьсан нь бүртгэлээ шилжүүлэхэд хүргэжээ. Теслагийн зарим жижиг хувь эзэмшигчид Маскийн урамшууллыг цуцлуулахаар тус мужийн шүүхэд хандаад байсан юм.

Хурлын шийдвэрийн дагуу Илон Маск компанийн үнэлгээний 10 хувьтай тэнцэх 300 орчим сая ширхэг хувьцааг урамшуулалд авах болж байна.

Делаварын шүүхийн шийдвэрийн дараа хувьцаа эзэмшигчид Тесла компанийн бүртгэлийг өөр мужид шилжүүлж, Маскийн урамшууллын асуудлаар дахин санал хураахаар болж байлаа.

Төлөөлөн удирдах зөвлөл Теслаг амжилттай ажиллуулсан Маск ийм хэмжээний урамшуулал хүртэх эрхтэй гэж үзэж байв.

Бас Маскийг алдалгүй, компанид үргэлжлүүлэн ажиллуулахад уг урамшуулал чухал нөлөөтэй гэж үзсэн юм.

Маскийн урамшуулал нь өнгөрсөн оны Америкийн захирлуудын авсан хамгийн өндөр урамшууллын хэмжээнээс бараг 300 дахин өндөр болж байна.

 

Эх сурвалж: BBC