Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Буркина Фасо улсын цэргийн дэглэм засаглах хугацаагаа таван жилээр сунгав

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Баруун Африкийн Буркина Фасо улсын цэргийн дэглэм өөрийн засаглах хугацааг таван жилээр сунгаж байгааг Бямба гарагт зарлажээ.

Тус улсын удирдагч ахмад Ибрахим Траоре бас эрх мэдэл цэргийн дэглэмээс иргэний засгийн газарт шилжих үед ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн байна.

Тэрбээр энэ оны долдугаар сарын 1-нээс засгийн эрхийг шилжүүлэхээ амлаж байсан нь ийнхүү хойшлогджээ.

Долдугаар сарын 2-ноос эхлэн 60 сар үргэлжлэх цэргийн засаглалыг Траоре “шилжилтийн үе” гэж нэрлэсэн байна.

“Улс орны аюулгүй байдлаас шалтгаалаад шилжилтийн үе дуусахаас өмнө сонгуулийг зохион байгуулах боломжтой” гэж тэр мэдэгджээ.

Буркина Фасо улсыг 2022 оны нэгдүгээр сараас хойш цэргийн эрхтнүүд засаглаж байгаа.

Тухайн үед хурандаа Пол Анри Дамиба засгийн эрхийг ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч Рош Каборегаас булаан авч байв.

Улс орноо Исламын зэвсэгт бүлэглэлүүдээс хамгаалж чадаагүй гэж Дамиба тухайн үед өмнөх засгийн газрыг буруутгаж байжээ.

Буркина Фасогийн нутагт 2015 оноос хойш  үйл ажиллагаа явуулж буй Аль-Кайда, Исламын Улс зэрэг зэвсэгт бүлэглэлийн салбарууд олон мянган хүний амийг хөнөөж, хэдэн сая хүнийг орон гэрээс нь дүрвүүлээд байгаа.

Жихадистуудтай хангалттай сайн тэмцэж чадахгүй байна гэсэн шалтгаанаар 2022 оны есдүгээр сард хурандаа Дамибагийн дэглэмийг Траоре түлхэн унагасан юм.

Тухайн үед Траоре улс орныхоо аюулгүй байдлыг 2-3 сарын дотор тогтворжуулж, 21 сарын дотор эрх мэдлийг иргэний засгийн газарт шилжүүлэхээ амлаж байжээ.

Гэвч тэрбээр сүүлдээ жихадистуудаас газар нутгаа бүрэн чөлөөлөх хүртэл сонгууль явуулах боломжгүйг мэдэгдэх болсон байна.

Цэргийн засаглал өндөрлөсний дараа зохион байгуулах парламентын сонгуульд уламжлалт намуудыг оролцуулахгүйгээ Траоре сая мэдэгджээ.

Парламентын гишүүдийг зөвхөн “эх оронч” гэсэн шалгуураар сонгох юм байна.

 

Эх сурвалж: BBC