Арабын Нэгдсэн Эмират улсад таван өдөр үргэлжилсэн жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хувийн дүнгээр япончууд тэргүүллээ.
Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү алт, эрэгтэйчүүдийн 73 кг-д Л.Анхзаяа хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чанараар наймдугаарт жагслаа. Нийт 25 улс ямар нэгэн медаль хүртсэн бол есөн улсаас алтан медальтан төрсөн юм.
ДАШТ-д медаль хүртсэн эхний 10 улс:
Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
---|---|---|---|---|
Япон |
3 | 2 | 4 | 9 |
Гүрж |
2 | 1 | 1 | 4 |
БНСУ | 2 | - | 3 | 5 |
Азербайжан | 2 | - | - | 2 |
Итали | 1 | 2 | - | 3 |
Франц | 1 | 1 | 3 | 5 |
Герман | 1 | - | 1 | 2 |
Монгол | 1 | - | 1 | 2 |
Нидерланд | 1 | - | - | 1 |
Канад | - | 2 | 1 | 3 |
Энэ жилийн ДАШТ-ий хамгийн залуу аварга Гүржийн Георгий Сардалашвили байв. Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн хошой медальтан болж буй Г.Сардалашвили өнгөрсөн жилийн хүрэл медалиа ахиулж, алтан медаль хүртэхдээ 20 нас, 359 хоногтой байлаа.
Түүнээс дөрвөн сараар эгч БНСУ-ын Хо Ми Ми эмэгтэйчүүдийн 57 кг-д өнгөлсөн бол Нидерландын Йоанна Ван Лешот 21 нас, 195 хоногтойдоо дэлхийн хошой медальтан болж байна. Тэрбээр эмэгтэйчүүдийн 63 кг-д өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиуллаа.
Эмэгтэйчүүдийн 70 кг-д алтан медаль хүртсэн Францын Марго Пино 30 нас, 137 хоногтойдоо түрүүлснээр хамгийн ахмад нь болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!