Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын хэт халалтын улмаас Мексикт сармагчнууд модноос “алим шиг унаж байгаа” тухай мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Мексикт агаарын хэт халалтын улмаас ядарч туйлдсан сармагчнууд модноос унаж үхэж байгаа тухай орон нутгийн эх сурвалж мэдээлжээ.

Тус улсын Юкатаны хойгт оршдог Табаско мужид 83 сармагчин ийм байдлаар үхсэн байна. Амьд үлдсэн дөрвөн сармагчныг нутгийн иргэд малын эмнэлэгт хүргэж, эмч нар амийг нь аврахаар ажиллаж байгаа ажээ.

“Шингэн алдаж, халуурсан тэдний биеийн байдал маш хүнд ирсэн. Ямар ч хүч тэнхээгүй болсон байна” гэж малын эмч Сержио Валенсуэла ярьсан байна.

Гуравдугаар сараас хойш Мексикт агаар маш хүчтэй халснаас 26 хүн амиа алдаад байгаа. Халалтын улмаас амиа алдсан сармагчны бодит тоог хэдэн зууд хүрч магадгүй гэж байгаль хамгаалагчид ярьж байна.

Табаско мужийн Теколутилла тосгоны орчимд Баасан гарагаас үхсэн сармагчнууд үзэгдэж эхэлжээ.

Wildlife байгууллагын биологич Гилберто Позо тэднийг тоолоход 83 хүрсэн байна.

“Тэд яг л алим шиг модноос унаж байна. Маш их шингэн алдсан тул хэдхэн минутын дотор үхэцгээж байна” гэж Позо ярьжээ.

Тэрбээр сармагчнуудын үхлийг хэт халуун цаг агаараас гадна ган гачиг, ойн түймэр, мод огтлох үйл ажиллагааны улмаас ус, сүүдэр, хүнсгүй болсон зэрэг хэд хэдэн хүчин зүйлийн хам нөлөө гэж үзэж байна.

“Уур амьсгалын өөрчлөлт гэж юу болохыг энэ үзэгдэл бидэнд харуулж байна” гэж Позо тайлбарлажээ.

Зөвхөн сармагчин биш, шувууд, хэвлээр явагчид зэрэг бусад төрлийн амьтад ч бас хэт халууны золиос болсныг бүртгэсэн байна.

Тавдугаар сарын 9-ний өдөр Мексикийн есөн хот түүхэндээ хамгийн өндөр халсныг цаг уурчид бүртгэжээ.

Тухайлбал АНУ-тай хил залгадаг Тамаулипас мужийн Сиудад Викториа хотод энэ өдөр Цельсийн 47 хэм хүрч халсан юм.

Энэ он гарснаас хойш Мексикийн бараг бүх нутагт жилийн дунджаас бага хур тунадас унасан бөгөөд үүний улмаас нуурууд ширгэж, усны нөөцийн сангууд хоосроод байгаа.

Зарим хот сууринд иргэдийн хэрэглээний усыг автомашинаар түгээж байна.

Ган гачигтай холбоотойгоор зарим нутагт усан цахилгаан станцууд ажиллагаагаа зогсоож, эрчим хүчний хомсдол үүсжээ.

Мексик даяар салбартай жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр OXXO энэ долоо хоногоос эхлэн нэг үйлчлүүлэгчид худалдах мөсний хэмжээг 2-3 уут болгон хязгаарлах арга хэмжээ авсан байна.

 

Эх сурвалж: Associated Press