Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргажээ

П.Зоригт, IKON.MN
2024 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсээс тавдугаар сарын 13-19-нд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгажээ. 

Эдгээрээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 116 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгав.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар дөрвөн мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн. Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт найман объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан аж. 

Тухайлбал хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдах албан тушаалтан “Ж” нь албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашигласан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлснийг мэдээллээ. 

 

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар