Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо.
Хуулийн төсөл нь нэг заалттай бөгөөд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн "2023" гэснийг "2026" гэж өөрчлөхөөр оруулж иржээ.
Тухайн журмын тавдугаар зүйлд "Банкны тухай хуулийн 36.1.Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна" гэсэн шаардлагыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор хангасан байна хэмээн заасан аж.
Банкны тухай хууль 2021 онд батлагдсанаас хойш Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас, Төрийн банк хувьцаагаа олон нийтэд санал болгон, хөрөнгийн зах зээл дээр гаргажээ.
Банкны хувьцаа эзэмшлийг төвлөрлийг бууруулах нөхцөл ямар байгаа талаар Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван "Банкны тухай хуулийн 36.1 дэх заалтыг сунгахгүй бол Хаан банк, Худалдаа Хөгжлийн Банкнаас бусад долоон банк хуульд заасан 20 хувиас хэтэрсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчийн хувьцаа эзэмшлийн өөрийн хөрөнгөөс хасаж тооцоход хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнд хүрэхээ больж байгаа.
Төвлөрлийн эрсдэл бууруулахыг "Хаан" "М" банкнаас бусад нь зөрчиж байна.Гадаад, дотоод нөхцөлөөс хамаарч 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж оруулахад хүндрэлтэй байгаа. Арилжааны банкуудын зохистой хэвийн үйл ажиллагаа явуулах, засаглалын хямралд өртүүлэхгүй байх үүднээс хуулийн хэрэгжилтийг хугацааг сунгах хэрэгтэй.
Хэрэв 36.1 дахь заалтын хугацааг сунгахгүй тохиолдолд их хэмжээний хөрөнгө банкны салбараас гадагшилна. Манай арилжааны банкууд гадаад зах зээлд бусдын өмнөөс үүрэг хүлээж гэрээний дагуу их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлсэн. Жишээлбэл банкны салбар дахь дөрвөн их наяд төгрөгийн гадаад эх үүсвэр банкны системээс гадагшлах эрсдэлтэй" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!