Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Бат-Эрдэнэ: Ирэх сарын 6-9-нд "Darts Summer Festival" олон улсын дартсын арга хэмжээ болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Сонгодог Дартсын Холбоо (МСДХ)-ноос ирэх сарын 6-9-нд "Darts Summer Festival" цуврал тэмцээнийг зохион байгуулах болсноо өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд зарлалаа.

Энэ үеэр дартс сонирхогчдын дунд олон арга хэмжээ зохион байгуулах юм байна. 

Тухайлбал Дэлхийн Дартсын Холбоо (ДДХ)-ны хүрэл зэрэглэлийн чансааны оноо олгох зургаа дахь удаагийн "Target Mongolia Open" болон хоёр дахь удаагаа болж буй алтан зэрэглэлтэй "Target Ulaanbaatar Open" тэмцээн болохоор товлогджээ. 

Энэ тэмцээний шагналын сан нь 30 сая төгрөг. Тодруулбал тэмцээнд түрүүлсэн тамирчид хоёр сая төгрөгийн урамшуулал авах аж. Энэ тэмцээн ганцаарчилсан болон хос, холимог хос гэсэн гурван төрлөөр явагдана.

Тэмцээний сүүлийн хоёр өдөр буюу зургаадугаар сарын 8-9-нд Professional Darts Corporation (PDC)-оос зохион байгуулдаг мэргэжлийн дартсын Азийн цувралын 13-15 дахь тэмцээн болно. Энэ тэмцээнээр Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) чансааны оноо олгодог тул тивийн шилдгүүд алгасахгүй оролцдог болохыг зохион байгуулагчид онцолсон юм.

https://www.facebook.com/100083303944113/videos/1568387263940042

Тус тэмцээнд Азийн төдийгүй дэлхийн шилдэгт тооцогддог Сингапурын Пол Лим, Энэтхэгийн №1 тамирчин Нитин Кумар болон БНХАУ, Филиппин, Япон зэрэг бусад Азийн орнуудаас тамирчид оролцох аж.

Энэ тухай PDC-гийн олон улсын шүүгч Ж.Бат-Эрдэнэ "Эхний хоёр өдрийн тэмцээн ДДХ-ны дүрмийн дагуу явагдана. Харин сүүлийн хоёр өдрийн тэмцээнийг PDC-гийн дүрмээр зохион байгуулна. Олон улсын тэмцээн тул цаг баримтлах ёстойг сануулъя.

PDC-гийн тэмцээнд оролцохдоо тамирчид хувцаслалтдаа анхаарах хэрэгтэй. Мэргэжлийн дартсын холбоо болох PDC-гийн тэмцээнд хоёр өдрийн дотор гурван цуврал тэмцээн болно. Тэмцээн бүрийн өмнө нээлтийн арга хэмжээ болох юм. Энэ үеэр тамирчдад дүрмийн талаар тодорхой ойлголт өгнө.

PDC-гийн тэмцээний шагналын сан нь 240 мянган ам.доллар байна. Тус холбооны цахим хуудсанд тэмцээний оноолт, хуваарь болон үр дүн нь нийтлэгдэх юм.

Олон улсын тэмцээнд оролцох мэргэжлийн тамирчид тэмцээний өмнөх бэлтгэл маягаар "Target Ulaanbaatar Open" тэмцээнд оролцоно. Энэ нь манай монгол тамирчдад ч ур чадвараа сорих том боломж гэж бид харж байна. PDC-гийн чансаагаар эхний дөрөвт орсон тамирчин ДАШТ-д оролцох эрхээ авах бол эхний 10-т багтсан тамирчин тивийн АШТ-д оролцох эрхээ авдаг. Тиймээс чансаа дээгүүрт бичигдэж буй тивийн шилдгүүд бүгд оролцох болов уу гэж таамаглаж байна" гэж ярилаа.

Тус тэмцээнийг МСДХ-той хамтран Биеийн Тамир Спортын Улсын Хороо зохион байгуулагчаар оролцож буй аж. Мөн тэмцээн нээлттэй хэлбэрээр явагдах тул дартс сонирхогчид бүгд бүртгүүлж оролцох боломжтойг зохион байгуулагчид онцоллоо.