Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баавгай: Элдэв зүйлд бухимдсан ч гэрийнхээ хаалганы цаана залгиад, инээгээд ор

Б.Манлай
2024 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хэчнээн бухимдаж гэртээ очсон ч түүнийгээ гэр бүлийнхэндээ гаргадаггүй байх, бусад руу буруугаа чихдэг хандлагаас салах, гэрийнхэнтэйгээ цагийг чанартай өнгөрөөх, цагийн зохицуулалтыг хэрхэн хийх тухай хүүхэд, гэр бүл судлаач, доктор Х.Баавгай зөвлөгөө өглөө.

Тэрбээр "Нэг хором хүүхэдтэйгээ байж "Миний охин, хүү юу байна, өнөөдөр яав" гээд тэврээд нэг үнсэх нь хайртай шүү гэж хэлэхээс илүү чухал.

Бодит амьдрал дээр замын түгжрэл зэрэг элдэв зүйлд бухимдаж гэртээ очиж байгаа ч хаалганы цаана бухимдлаа залгиад, инээгээд ор. Ямар ч хүн гэртээ харихыг боддог. Хүүхэд хүртэл уйдахаараа гэртээ харья гэдэг. Гэрсэг үзэл гэж монгол хүнд байдаг сайхан чанар юм.

Гэртээ эрт очсон бол эхнэр, нөхөр, үр хүүхэдтэйгээ тоглох, өдөр юу болсон тухайгаа ярилцах зэргээр халуун дулаан амьд харилцаа үүсгэх хэрэгтэй. Гэр бүлдээ цагийг бий болгох гол гарц нь утсаа оролдохгүй байх. 

Сүүлийн үеийн судалгаа, ярилцлагаас харахад таван ам бүлтэй гэр бүл байлаа гэхэд гэртээ очоод утсаа оролдоод таван тийшээ хараад суучихдаг байна.

Гэр бүлдээ зориулах чанартай цаг гэдэг нь хүүхэдтэйгээ тоглох, хоорондоо ярилцах, хамтдаа зугаалах, үзвэр үзэх, хамтарч хоолоо хийх юм. Гэр бүлдээ чанартай цагийг зарцуулаад байвал хүүхдүүд аав, ээжийгээ хүлээнэ, тэдэнтэй тоглох, ярилцах тэмүүлэлтэй болдог.

Гэртээ цагийг аз жаргалтай өнгөрөөсөн хүн маргааш нь ажилдаа аз жаргалтай ирж, ажлын бүтээмж өндөр байна.

Ажил, ар гэрийн тэнцвэрт байдлыг хангах нь бие биеэсээ харилцан хамааралтай байдаг. Үүнийг дэлхий нийтэд хөдөлмөрлөхийн үндсэн зарчим гэдэг.

Гэртээ эрт харих, ажилдаа эрт очих хоёр холбоотой үг. Хувь хүн цагаа зөв зохицуулж, нийгмийн амьдралын голдиролд дасан зохицохоос арга байхгүй. Жишээлбэл "Зам ийм их түгжрэлтэй байхад яаж гэртээ эрт харих юм", "Түгжирсээр байгаад ажлаасаа хоцорчихлоо" гэдэг нь бусад руу чихдэг бидний хандлагын хоцрогдол.

Гурван минутын өмнө гарахад түгжрээнд орохгүй боломж байдаг бол гурван минут алдахад түгжрээнд орчихдог. Үүнийг хүртэл тооцоолж, дасан зохицоод явж байтал таны төлөвлөлт улам сайжирч, 100% биелдэг болно.

Хүн ямар ч завгүй байсан гэр бүлдээ нэг минутыг зарцуулъя гэдэг сэтгэлтэй байвал энэ менежмент аяндаа хэвшил болно. Тэгэхээр ингэж л сэтгэл гаргаач ээ гэдгийг хэлэх гээд байгаа юм" гэж ярилаа.

"Зам ийм их түгжрэлтэй байхад яаж гэртээ эрт харих юм", "Түгжирсээр байгаад ажлаасаа хоцорчихлоо" гэдэг нь бусад руу чихдэг бидний хандлагын хоцрогдол гэж онцлов.