Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Хувийн биржийг бодлогоор дэмжих нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах хөшүүрэг болно”

ikon.mn
2024 оны 5 сарын 15
Сурталчилгаа

“Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Даваажаргалтай ярилцлаа. 

зураг
 

- Монголын анхны хувийн бирж Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн тухай танилцуулахгүй юу?

- Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн түүх хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдын санаачилгаар 2008 онд АНУ-ын “Насдак” биржтэй хамтарсан судалгааны баг гарснаар эхэлж байсан. 2015 онд Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор арилжаа, тооцооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хурдасгуур байх зорилготой 100 хувь хувийн хөрөнгө оруулалттай Монголын анхны хувийн бирж юм. Одоогоор үнэт цаас арилжаалж байгаа бөгөөд цаашдаа үүсмэл санхүүгийн хэрэгсэл, таваар зэргийг арилжаалах боломжтой  9 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй туршлагатай дэд бүтцийн байгууллага юм.

- Бусад улсын хөрөнгийн биржүүдийн үүсэл олон жилийн түүхтэй. Гэтэл манайд дөнгөж хөгжлийн гараан дээрээ л байна. Хэдийгээр залуу гэж байгаа хэдий ч өндөр хөгжилтэй орнуудаас суралцан туулсан замналыг товчлох боломж бидэнд байгаа. Үүнтэй санал нэгдэх үү?

- Сүүлийн жилүүдэд засгийн газар, бодлого тодорхойлогч байгууллагуудаас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж, эерэг үр дүнгүүд гарч байгаад баяртай байгаа. Манай улсын хөрөнгийн зах зээл FTSE Russell-н “Хөгжиж буй зах зээл” гэсэн ангилалд 2022 орсон бөгөөд өндөр хөгжсөн зах зээл хүртэл 3 шат ахих хэрэгтэй, тийм хэмжээний хөгжих орон зай бидэнд бий гэсэн үг юм. Энэхүү өсөлт рүү аль болох дөт хурдан дөхье гэвэл бид 1 дүгээрт одоогийн хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн тогтолцоог олон улсын хөгжсөн жишгийн дагуу сайжруулах шаардлагатай байгаа.

Өндөр хөгжсөн зах зээлд дэд бүтцийн байгууллагууд төвтэй бус мэргэжлийн оролцогч талуудын оролцоо өндөртэй, үүнийгээ дагасан мэргэжлийн оролцогчид олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг, эргээд хөрөнгө оруулагчдад ногдох шимтгэл хураамж бага загвартай байдаг. Одоогоор бид хадгаламжийн төв дээр хэт их төвлөрөлтэй, цаашид зах зээл томрох тусам хөгжүүлж, сайжруулах боломж хомс загвартай явж байгаа юм. Ингэж нэг цэгт хэт их төвлөрөл үүссэн бүтцээс үүдэн цаашдаа автоматжуулах, хөрвөх чадвар нэмэх боломж хомс болж байна. Энэ тогтолцоогоо өөрчилж сайжруулахгүйгээр бүтээгдэхүүн гаргаад байвал зах зээлийг хүчээр хэмжээг нь томруулж буй хэрэг болох юм.

Манай биржийн хувьд олон улсын хамгийн хөрвөх чадвартай биржүүдийн нэгээс туршлага, технологи сурсан учраас дансны бүтцийг тодорхойлохоос эхлээд арилжааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх өөрсдийн гэсэн дэвшилтэт арга техниктэй. Тус загвар нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах боломжтой дэд бүтцийн байгууллагууд төвтэй бус оролцогч талууд төвтэй, оролцогч талууд болон үнэт цаасны компаниуд, кастодиан банкнууд илүү олон үйлчилгээ үзүүлж, нэмэлт орлого олох боломжтой, арилжааны хувилбар нэмэгдэж, шимтгэл буурах боломжтой загвар юм.

Системийн онцлогоос гадна хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах процессыг илүү хялбар, мэргэжлийн бөгөөд шимтгэл багатай байх боломжуудыг бүрдүүлэхээр бид тодорхой ажлууд хийж байна.  Үүнээс дурдвал бид мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хууль, санхүүгийн нийцүүлэгчид болон мэргэжлийн үнэлгээний компанитай хамтран ажиллаж байна. Үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхлэгчдийг хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжийг дэмжсэн хөгжлийн талбарыг бий болгосон.

Сайн бизнес төлөвлөгөөтэй жижиг дунд бизнесүүд ч манай бирж дээр гарч болохоор байна. Бид ТОП 100 болон бусад үндэсний үйлдвэрлэгчдэдээ тохирсон биржийн талбарыг бий болгосон байгаа. МҮХАҮТ-аас санаачилсан бизнесийн сэргэлт хөтөлбөрийн хүрээнд 10,000 залуусыг дэмжих хөтөлбөрт хамтран ажиллаж, сайн төслүүдийг бирж дээр гарахад нь дэмжиж байна. Энэ мэтчилэн бид өмнө хүрч ажиллаж байгаагүй чиглэлүүдэд хурдтай өргөн цар хүрээнд ажиллаж байна.

Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах процессыг илүү хялбар, мэргэжлийн бөгөөд шимтгэл багатай байх боломжуудыг бүрдүүлэхээр ажиллаж байна. 

- Тэгэхээр хувийн бирж нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд олон улсын хөгжсөн загварыг бий болгож, хувь нэмрээ оруулж, хөгжлийг хурдасгагч болно гэж ойлгож болох уу? Тэгвэл яагаад өнгөрсөн жилүүдэд энэ загвараар ажлууд яваагүй вэ? Хувийн бирж хөгжихөд юу саад болж байна вэ? Тухайлбал, хууль эрх зүйн орчин, гадаад, дотоод орчны нөлөө, улс төрийн оролцоо  бусад гээд тоочвол?

- Тиймээ, бид хөрөнгийн зах зээлийн илүү хөрвөх чадвартай тогтолцоог бий болгох чадамжтай бирж юм. Энэхүү боломж нөөц бололцоогоо өнгөрсөн хугацаанд таниулах биржүүдийн тэгш өрсөлдөөнийг дэмжсэн бодлого зохицуулалтын орчин хангалттай бүрдсэнгүй.

Хувийн биржийн нөөц бололцоог бүрэн ашиглавал нэг бирж дээр хэт их ачаалал төвлөрүүлэхгүйгээр хөгжиж буй зах зээл дээр үр ашигтайгаар биржийн арилжааг явуулах боломжууд нэмэгдэнэ гэж үзэж байна. Нэг талаараа хамтарч дутуу орон зайгаа нөхөх бол нөгөө талаараа өрсөлдөж үйл ажиллагаагаа сайжруулсаар байх болно гэсэн үг, аль ч нөхцөлд хөрөнгийн зах зээлийн хөгжилд сайнаар нөлөөлнө.

Уул уурхайн биржийн арилжааг эхлүүлсэн нь энэ засгийн газрын хамгийн сайн ажлуудын нэг болсон, гэхдээ одоо байгаа мэргэжлийн оролцогчдодоо ижил тэгш оролцох, хамтарч хөгжүүлэх, хөгжих боломжийг нэмэгдүүлэх дээр цаашдаа анхаарвал илүү үр дүнтэй байх болов уу.

Өнгөрсөн хугацаанд уул уурхайн биржийг зөвхөн улсын өмчит бирж хийнэ гэдэг хууль батлагдсан бол, төрийн өмчит компаниуд эсвэл нийслэлийн үнэт цааснууд зөвхөн Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдана гэсэн шийдвэрүүд гарсаар байна. Одоог хүртэл аж ахуй нэгжүүд арилжаа эрхлэх байгууллагаа сольж бүртгэлээ өөрчлөх боломжтой бүртгэл шилжих журам батлагдахгүй байна.

Улсын өмчит байгууллагууд хувийн бирж дээр бүтээгдэхүүн гаргах нь засаглалын хувьд зөв, эрүүл байх боломжийг бүрдүүлэх боловч тендер шалгаруулалтгүйгээр зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гарсаар байгаа нь өөрөө зах зээлийн зарчмаар өрсөлдөж, хөгжих боломжийг хааж буй үйлдлүүд болж, хувийн биржийн оролцоо, тэгш өрсөлдөөнийг хязгаарласан бодлого зохицуулалтын орчин үүсээд байна гэж үзэж болохоор байна. Тэгэхээр энэ үүссэн нөхцөл байдлыг сайжруулах, тэгш өрсөлдөөнийг бий болгох бодлого, зохицуулалтын орчин бий болно гэж бид хүлээж байна.

- Хөрөнгийн зах зээлийн ирээдүйн хөгжлийг хэрхэн харж буй талаар бидэнтэй санал хуваалцахгүй юу? Монголд 1-с дээш бирж байх шаардлагатай юу гэдэг асуудал байна. Энэ асуудал дээр танай бирж ямар байр суурьтай байгаа вэ?

- Бирж дээр үндэсний үйлдвэрлэгчид нь бүтээгдэхүүнээ гаргаж, хөрөнгө босгож, бараа таваарын үнэ дундын зуучлагчгүйгээр эрүүлээр тогтдог. Цаашдаа валют, таваарын бирж, үл хөдлөх хөрөнгийн итгэлцлийн сан, мөнгөний зах зээлийн оролцоо нэмэгдэх гээд томоохон цар хүрээтэй ажлууд хийгдэж, зах зээл 5-10 дахин томрох шаардлагатай байгаа. Хөрөнгийн зах зээл өргөн цар хүрээнд ажиллах шаардлагатай болох учраас зөвхөн төрийн оролцоо өндөр хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хүлээхгүйгээр зах зээлд оролцож буй мэргэжлийн оролцогчдын хамтын хүч, боломж нөөцүүдээ зөв ажиллуулах хэрэгтэй.

Хөгжлийн цэг рүү нэг л аргаар зүтгээд байхуу эсвэл олон сайн аргыг ашиглаад хурдтай хүрэх үү гэдэг асуудал л даа. Тиймээс энэ нь нэг бирж хоёр биржийн асуудал биш Монголын эдийн засгийн хөгжлийн тухай асуудал юм. Ганцхан тоо дурдахад 2005 онд нийт 392 хувьцаат компани байсан бол 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 173 хувьцаат компани болж 44 хувиар хувьцаат компаниудын тоо буурсан байна. Одоо байгаа тогтолцоо маань хангалттай ажиллаж чадаж байна уу үгүй юу гэдгийг үүгээр дүгнэж болохоор байна.

Бид Монголын хөрөнгийн зах зээл илүү хурдан, олон улсын жишигт нийцсэн байдлаар хөгжөөсэй гэж хүсэж байгаа учраас зарим зүйлд шүүмжлэлтэй хандаж, дутуу орон зайг нөхөж ажиллана. Жишээ нь 2024 онд Улаанбаатар Үнэт Цаасны Бирж, Лемон Пресстэй хамтран “Ногдол ашгийн төлөлтийг өдрийг тодорхой зарладаг” олон улсын жишгийг дагах уриалга гаргасан. Үр дүнд нь багагүй компаниуд 4 сарын 30-ны дотор ногдол ашгаа тарааж, хөрөнгө оруулагчид бодитоор эерэг нөлөөллийг мэдэрсэн. Үүнээс өмнө 12 сард багтааж аль нэг өдөр ногдол ашиг нь ордог л жишигтэй явж байлаа. Монголын анхны биржээр арилжаалдаг сан уян хатан бүтэцтэй учир манай бирж дээр анхлан гарлаа. Энэ мэтчилэн хувийн бирж зах зээлийг хөгжлийг хурдасгах чиглэлээр хийх ажлууд маш олон байна.  

- Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих чиглэлээр бий болж буй эерэг өөрчлөлтүүд, бодлого зохицуулалтуудын талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу?

- Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар хэлэлцэгдэж, батлагдах шатандаа явж байна. Тус хуулийн дагуу олон дэвшилтэт зүйлс хөрөнгийн зах зээлд бий болохоор байна. Үүний хамгийн том жишээ бол үүсмэл санхүүгийн хэрэгсэл арилжаалах боломжтой болж байна. Бараа таваар, валют зэрэг нь дундын зуучлагчгүйгээр биржийн эрэлт, нийлүүлэлт дээр суурилсан үнэ тогтох зарчмаар арилжаалагдаад эхэлбэл эдийн засагт бодитой эерэг өөрчлөлтүүд гарна.

Бизнест хөрөнгө босгох олон арга замууд байдаг ч өнөөг хүртэл бид зөвхөн үйл ажиллагаа нь тогтворжсон өндөр орлоготой компани бирж дээр бүтээгдэхүүн гаргаж болно гэсэн ойлголттой байсан бол шинэ хуулиар гарааны бизнес crowdfunding хэлбэрээр хөрөнгө босгох, хаалттай хувьцаат компаниуд IPO бэлтгэл хангах чиглэлээр биржид бүртгүүлж, хувьцаагаа арилжаалах боломжтой болж байна. Арилжааны хувьд тооцооны үйл ажиллагааг хуульчилж өгснөөр хөшүүрэгтэй арилжаа хийгдэж, хөрвөх чадвар нэмэгдэх зохицуулалтын орчин бүрдэж байна. 

Бараа таваар, валют зэрэг нь дундын зуучлагчгүйгээр биржийн эрэлт, нийлүүлэлт дээр суурилсан үнэ тогтох зарчмаар арилжаалагдаад эхэлбэл эдийн засагт бодитой эерэг өөрчлөлтүүд гарна.

Тус хуультай зэрэгцэн ТОП 100 аж ахуйн нэгжийг дэмжих хөтөлбөр, журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос батлахаар болсон нь мөн томоохон дэмжлэг болно гэж харж байна. ТОП 100 аж ахуй нэгжийн хувьд хялбарчилсан горимоор үнэт цаасаа бүртгүүлэх боломжтой болж, дундын зуучлагчгүйгээр шууд бирж дээр бонд гаргах боломжтой болж байгаа. Магадгүй энэ нь зээлийн шугамыг орлох сайн бүтээгдэхүүн байх боломжтой юм. Эдгээр бодлого зохицуулалтын орчны талаар Санхүүгийн зохицуулах хороо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.

- Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих чиглэлээр цаашдаа ямар ажлууд хийгдээсэй гэсэн хүлээлттэй байгаа вэ?

Мэдээж эрүүл шударгаар өрсөлдөх бодлого зохицуулалтын орчин бий болоосой, олон улсын жишигт нийцсэн цогц бодлого хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Бодлого, зохицуулалт талаасаа яг одоогийн Сангийн яамны харья Хороо, улсын бирж, хадгаламжийн төв байгаа тогтолцоо нь хувийн бирж, кастодиан банкууд хөгжих орон зайг олгохгүй байна гэж дүгнэж болохоор байгаа. Цаашдаа Эдийн засаг хөгжлийн яам хөрөнгийн зах зээлийн бодлого тодорхойлж, бусад оролцогчид хараат бусаар ижил тэгш гараанаас оролцоод явахад болохоор байна.

Дараагийн 4 жилд хөрөнгийн зах зээлийн хөгжлийг макро эдийн засгийн хэмжээнд харж, зохицуулалт, системийн хөгжил нийцэлтэй байх хэмжээнд бодлого тодорхойлох чадвартай хүмүүс Улсын Их Хурал шийдвэр гаргалтын түвшинд томилогдоно гэж найдаж байна.

Хөрөнгийн зах зээлийн хөгжил яривал бид давхар технологийн хөгжлийг, стандартчилал, систем хоорондын стандарт харилцааг ярих хэрэгтэй болно. Тиймээс техникийн асуудал гэж орхилгүйгээр технологи дэд бүтцийн асуудалдаа онцгой анхаарах шаардлагатай байгаа.  Олон улсдаа STP буюу Standard through process/автомат процесс руу аль болох шилжихийг эрмэлздэг. Манай нөхцөлд дэд бүтцүүдээ сайжруулах, нэгдсэн стандарттай болох, өөр хоорондоо уялдаатай автомат хөгжүүлэлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай байгааг дахин дахин хэлмээр байна. Үүний тулд дансны бүтцээсээ эхлэн хөгжсөн загвар луу шилжих нь оновчтой байгаа.

Жишээ нь одоо хөрөнгийн зах зээлийн арилжааны ашгаас татвар авах (Capital gain) яригдаж байна. Олон улсдаа ихэвчлэн урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогоор хадгаламжийн данснаас бага, богино хугацаат арилжаанаас арай илүү өндөр татвар авдаг бөгөөд үүнийг системтэй уялдуулбал хөрөнгийн зах зээлийн хадгаламжийн данс гэдэг ойлголт байдгийг харж болохоор байна. Бид одоогийн ашиглаж дадсан бенефицар дансаар энэхүү татварыг авбал үнэт цаасны компаниуд болон төвлөрсөн хадгаламжийн төв дээр маш их хүндрэлүүд авчирна.

Манай биржийн хувьд өмнө нь дурдсанчлан дансны бүтцээс эхлэн хөгжсөн загвар санал болгодгийн жишээ бол бид Savings account-тай байхыг дэмждэг гэх бөгөөд энэхүү capital gain татварыг авахад аль хэдийн илүү хялбар бүтэцтэй данс санал болгодог гэсэн үг юм. Энэ мэтчилэн маш олон онцлог боломжуудыг бид зах зээлд бий болгож байгаа тиймээс ирэх жилүүдэд хөрөнгийн зах зээлийг хөгжлийг дэмжсэн ажлуудыг хийх орон зайг гаргаж, өгч бидний дэмжин ажиллана гэж найдаж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.