Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Малчин өрхийн хүүхдийг төлбөргүй сургаж, малынхаа араас явж байгаад амиа алдсан малчинд буцалтгүй тусламж үзүүлдэг болох хуулийн төслийг хэлэлцэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 5 сарын 14
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Г.Тэмүүлэн нарын 17 гишүүний 2024 оны дөрөвдүгээр сар 19-ний өдөр өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөл дэх онцлох заалтуудыг танилцуулж байна.   

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчин өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх үүднээс хөрөнгө оруулалт, хөгжлийн зээл, дэмжлэг, санхүүгийн үйлчилгээг сайжруулах;
Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл бэлчээрийн чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах;
Байгалийн гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас малчин нь ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд хөдөлмөр хөлсний 4 жилийн доод хэмжээтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох;
Байгалийн гамшигт болон аюулт үзэгдэлд нийт мал сүргийнх нь 50 хувиас доошгүй нь өртсөн малчин өрх болон хонин толгойд шилжүүлснээр 250 хүртэл малтай, 16-40 хүртэлх насны малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамруулах;
Хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх;

Малчид дараах үүргийг хүлээнэ: 

  • Малчин өрх, хот айл нь бэлчээр нутгаа дундаа хамтран ашиглаж ирсэн уламжлал дээрээ үндэслэн харилцан зөвшилцөж, зохион байгуулалтад орсон байх;
  • Бэлчээрийг даацад нь нийцүүлэн улирлын хуваарьтай ашиглаж, сэлгэх, өнжөөх, сайжруулж бэлчээрийн төлөв байдал, голлох зүйл ургамлын эзлэх хувийг гэрээ байгуулах үеийн тогтоосон суурь түвшнээс бууруулаагүй байх;
  • Тэжээлийн ургамлыг тариалах, орон нутгийн нөөц боломж дээр тулгуурлаж гар тэжээл, хадлан бэлтгэх.
  • Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг өөрийн малын тоо толгойд нийцүүлэн бүрэн хангаж, 90-ээс доошгүй хоногт хүрэлцэхүйц өвс, нэмэгдэл тэжээл бэлтгэж нөөцлөх;
  • Байгаль цаг уурын нөхцөлийг хангахуйц өвөлжөө, хаваржааны хашаа, саравч, хороо, байр, зөөврийн хашаатай байх;
  • Малын хэвтэр бууц, хашаа хороог байнга цэвэрлэж, өвөлжөөний хөрзөнг жил бүр авдаг, өтөг хөрзөнг овоолж хэвтрийн нөөц бүрдүүлдэг байх;
  • Дөрвөн улиралд нүүдэллэхдээ орчны хогийг цэвэрлэж, байгаль орчин бохирдуулахгүй, хог хаягдал үлдээдэггүй байх;
  • Уст цэг, худаг, хөв цөөрөм бий болгох, сэргээн засварлах;
  • Тухайн бүс нутагт зөвшөөрөгдсөн үүлдрийн малаар үржил технологийн ажлыг явуулж хээлтүүлэгч мал нь үржлийн гэрчилгээтэй, бүртгэлтэй байх;
  • Малын төрөл, сүргийн бүтцийг зохистой хангаж, тодорхой хувийг тухайн жилд эдийн засгийн эргэлтэд оруулж, борлуулдаг байх;
  • Мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд 3 жил тутамд чанарын үнэлгээ хийлгэх;
  • Мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл мэнд, гарал үүслийн түүхийг мөшгөх нөхцөлийг бүрдүүлж малын шилжилт хөдөлгөөнийг хянадаг, мэдээлдэг байх;
  • Малын эм болон төрөл бүрийн химийн бэлдмэлийн хэрэглээний зохистой дадлыг нэвтрүүлэх, эмийн үлдэгдэл агуулаагүй, баталгаатай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх

Мал аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай орон нутгийн засаг захиргааны нэгж нь малчдад төрийн бодлого, хууль эрх зүйн мэдлэг олгох, харилцан мэдлэг, туршлагаа солилцох, залуу үеэ бэлтгэх таатай орчныг бүрдүүлсэн Малчны хөгжлийн сургалт, мэдээллийн төв эсхүл тэнхимтэй /цаашид “Малчны хөгжлийн төв” гэх/ байна.

Малчны үйл ажиллагаанд цахим шилжилтийг нэвтрүүлж, цахим малчныг хөгжүүлнэ:
Мал аж ахуйн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, малчны өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, малчны идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн намрын эхэн сарын шинийн 8-ны өдөр нь “Малчныг сонсох өдөр” байна.

Малчны хамтын санаачилга, хоршил нь дараах хэлбэртэй байна:

  • Хот айл;
  • Малчдын холбоо;
  • Малчдын үүсгэн байгуулсан ашгийн төлөө байгууллага. 

Малчин өрхийн өвөлжөө, хаваржааны газрын хил заагийг бэлчээрийн даац, малын тоо толгойтой нь уялдуулан тогтоож, гэрээгээр ашиглуулах харилцааг баталгаажуулж, гэрээ байгуулна.

Малчин өрхөөс шинээр гэр бүл болж өрх тусгаарласан малчин залуу гэр бүл болон хот, сууринаас шилжин очиж, 2-оос доошгүй жил тасралтгүй мал маллаж байгаа малчин өрхийн өвөлжөө, хаваржааны газрын хил заагийг бэлчээрийн даац, малын тоо толгойтой нь уялдуулан сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, баг, хорооны Иргэдийн нийтийн хурлын шийдвэрт үндэслэн сум, дүүргийн Засаг дарга тогтоож, гэрээгээр ашиглуулах харилцааг баталгаажуулж шийдвэрлэнэ.
Малын бэлчээрийн газарт авто зам гаргах, бэлчээрийн хөрсийг эвдэх, бохирдуулах, бэлчээрийн эрүүл ахуйг алдагдуулах, цөл, цөлөрхөг хээрийн бүсийн болон хөрсний эвдрэл, цөлжилт үүсэх нөхцөл бүрдсэн бэлчээрт ургамал түүх, хадахыг хориглоно.
Арилжааны банканд малчинд зориулсан нэн хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй зээлийн болон даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний шинэ нэр төрлийг нэмэгдүүлж, малчин үйлдвэрлэлдээ чанарын өөрчлөлт гаргах, байгальд ээлтэй, тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

Малчны дараах үйл ажиллагаанд хөнгөлөлттэй зээл олгоно:

  • Шинээр гэр, орон байр болон зөөврийн сууц барих, засварлах, шинэчлэх;
  • Зөөврийн хашаа, өвс тэжээлийн агуулах, хүлэмж шинээр барих, засварлах;
  • Гүн өрөмдлөгийн болон гар худаг гаргах;
  • Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд анхан шатны боловсруулалт хийх болон хөргөх тоног төхөөрөмж, хөргүүр зоорьтой болох;
  • Малын сүү сааль, дайвар бүтээгдэхүүний ашиглалтыг нэмэгдүүлэх.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжихэд зориулан сум бүрд Малчны хөгжлийн санг байгуулах бөгөөд сангийн хөрөнгийн 30 хувийг бэлчээрийн мал ахуйд гэнэтийн гамшиг, эрсдэлийн үед ашиглахаар хуримтлуулна.