“21 дүгээр зууны-Монгол гэр бүл" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Олон Улсын Улаанбаатар Их Сургууль (ОУУБИС)-д өнөөдөр боллоо.
Энэ үеэр ОУУБИС-ийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ “Монгол гэр бүлийн үнэт зүйл ба эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг” гэх сэдвээр илтгэл танилцуулж, мэдээлэл өглөө.
Тэрбээр "21 дүгээр зуунд амьдарч буй хүмүүсийг хосолмол амьдралтай гэж үздэг. Цахим болон бодит нийгэмд хослон амьдардаг учраас хоёр өөр нэр хүндийг бүтээж байна. Үүнтэй холбогдуулан аливаа үндэстний соёл, үнэт зүйлд бага зэрэг өөрчлөлт оржээ.
Жишээлбэл нүүдэлчдийн ёс заншил, үнэт зүйлд тулгуурласан гэр бүлийг хэрхэн авч үлдэх вэ гэдэгт судлаачид анхаарлаа хандуулдаг. Монгол гэр бүлийн үнэт зүйл нь нүүдэлчдийн соёл, ёс уламжлалд суурилагдаж, хэм хэмжээг сахих ёсыг дээдэлж, өвөг дээдэс, үр хойч гэсэн хэлхээнд оршдог.
Бид байгалийн хатуу орчинд амьдардаг учраас эр хүйстэнгүйгээр оршин тогтнох хэцүү гэж үздэг. Тиймээс эрэгтэй хүйстнийг чухалчилж өргөмжилдөг учиртай. Эрчүүдийг чухалчилж өргөмжилж байгаагийн цаад утга учир бол амьдрахуйн оролцоотой холбоотой.
Тэгвэл өнөөгийн цаг үед монгол эрчүүдэд тулгамдаж буй хэд хэдэн асуудал бий. Жишээлбэл эрүүл мэндийн хувьд дундаж насжилт эмэгтэйгээсээ 9.6 жилээр богино.
Мөн "эрэгтэй хүн юм хойно болох байх" гээд эмэгтэйчүүддээ боловсрол эзэмшүүлсэн нь зөрүүтэй байдлыг үүсгэсэн. Боловсролын түвшин эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн дунд нийгмийн зөрүүтэй байр суурь, орлогын ялгааг бий болгосон.
Манай улсад эрчүүдийг дэмжсэн бодлого байхгүй атлаа хэт өндөр хүлээлт тавьдаг. Иймэрхүү нөхцөл байдал эрэгтэйчүүдийг сэтгэл санааны дарамтад оруулдаг байна. Өөрөөр хэлбэл өрх гэрээ авч явах, байр сууриа бэхжүүлэх хэмжээний орлогогүйгээс болж эрчүүд архинд орох, сэтгэл санаагаар унах шинжтэй байна.
Олон улсын хөдөлмөрийн шилжилттэй холбогдуулан эрчүүд их хэмжээгээр гадагшаа явж ажилласан. Жишээлбэл Зүүн өмнөд Азийн орнуудын олон улсын хөдөлмөр эрхлэлтийн шилжилт хөдөлгөөнд манай улсын эрчүүд оролцоод 20 гаруй жил болсон. БНСУ-д ажиллаж, амьдарч буй нийт хосын 30 хувь нь гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн судалгаа бий" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!