Уншиж байна ...

"Монголбанкны эх үүсвэрээр орон сууц авч буй иргэнд олгох ипотекийн зээлийн дээд хэмжээ нь 150 сая төгрөг байгаа"

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ипотекийн зээлийн үндсэн шалгуур болон зээл олгох хэмжээтэй холбоотой мэдээллийг Монголын Ипотекийн Корпорац(МИК)-аас тодрууллаа. 

"Одоогийн байдлаар 2.4 их наяд төгрөгийн 20,000 иргэний захиалга банкуудад ирсэн. Гэхдээ 1.2 их наядын эх үүсвэрийг бүрдүүлсэн байгаа.

Ингэснээр 2024 онд захиалга ирүүлсэн иргэдийн тал хувь нь ипотекийн зээлд хамрагдана" гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өчигдөр ярьж байсан. 

Тэгвэл ипотекийн зээл олголт ба шалгуур үзүүлэлтийн талаар МИК-аас тодруулснаа хүргэж байна. 



-Ипотекийн зээлийн шалгуурт сүүлийн үед ямар нэг шинэ өөрчлөлт орсон уу. Үндсэн шалгуурууд юу байгаа вэ?

-МИК нь Монголбанкнаас баталсан журмын дагуу банкуудын олгосон ипотекийн зээлийг шалгаж, шалгуур хангасан зээлүүдийг багцлан үнэт цаасжуулж байна.

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын 2023 оны аравдугаар сарын нэмэлт өөрчлөлтөөр орон нутагт орон сууц худалдан авч буй иргэдийн төлөх 30 хувийн урьдчилгаа төлбөрт батлан даалтын сан болон даатгалын компани батлан даалт гаргах боломж нь нээлттэй болсон.

Мөн орон нутагт байр авч буй иргэдийн зээлийн дээд хэмжээ 100 сая байсныг 150 сая болгон нэмэгдүүлсэн.

-Нийслэлд орон сууц авахаар төлөвлөж буй иргэн хамгийн ихдээ хэдэн төгрөгийн зээл авч болох вэ. 100 сая, 150 сая гэх мэтээр ялгаатай мэдээлэл гараад байгаа. Тэгвэл бодит нөхцөл байдал ямар байна вэ?

-Монголбанкнаас банкуудад санхүүжилт өгч байгаа бөгөөд тус санхүүжилт дээр нэмж банкууд өөрсдөөсөө тодорхой хэмжээний эх үүсвэр гарган иргэдэд ипотекийн зээлийг олгож байна.

Тодруулбал иргэдэд олгож буй ипотекийн зээлийн

  • 80 хувийг Монголбанк
  • 20 хувийг арилжааны банкууд санхүүжүүлж байгаа юм.

Монголбанкны эх үүсвэрээр орон сууц авч буй иргэнд олгох зээлийн дээд хэмжээ нь байршил хамаарахгүйгээр 150 сая төгрөг байгаа. Харин банкны эх үүсвэрээр санхүүжүүлж буй ипотекийн зээлийн хувьд банк бүрийн дотоод журмаас хамааран ялгаатай байна.

-Одоогоор хэдэн иргэн ипотекийн зээлтэй байгаа вэ. Тэдэнд олгосон зээлийн дундаж хэмжээ хэд вэ?

-Монголбанкны гуравдугаар сарын тайлангаар 86,626 өрхийн 5.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл үлдэгдэлтэй гэж тусгасан байна.Үүнээс харахад үлдэгдэлтэй байгаа зээлийн дундаж нь 62 сая төгрөг байна.

Харин 2023 онд хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас 741.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгожээ. 

Банкууд 185.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмж санхүүжүүлэн нийт 932.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 8,889 өрхөд ипотекийн зургаан хувийн зээлийг олгосон байна. Энэ нь дунджаар нэг зээлдэгчид 105 сая төгрөгийн ипотекийн зээл олгосон гэсэн үг юм.

Ипотекийн зээлийн багц худалдан авах шалгуур үзүүлэлтүүдийг ЭНД дарж харах боломжтой.