Нийслэлийн засаг даргын орлогч О.Номинчимэг Хангай зочид буудлын асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хангай зочид буудалтай холбоотой хоёр үндсэн асуудал бий. Нэг нь татвар, нөгөө нь орчны аюулгүй байдал хангагдаагүй, гэмт хэрэг зөрчлийн үүр болж байгаа.
Ардчилсан нийгэмд хүн хувийн өмчтэй байж, түүгээрээ дамжуулан эрх чөлөөгөө эдэлдэг байх учиртай. Гэхдээ хувийн өмчтэй бол татвараа төлдөг, хариуцлагаа үүрэхийн зэрэгцээ хувийн өмч нь бусдад аюултай орчин болох ёсгүй.
2010 оноос хойш Хангай зочид буудлын бүртгэлийн дугаар нь салсан байна. Доод хэсгийг "Буян"-гийн Б.Жаргалсайхан, "Номин"-гийн Т.Баярсайхан нарын хамтарсан компани эзэмшиж, түрээсэлдэг. Гэтэл дээшээ 16 давхар хүртэл байгаа хэсэг нь тусдаа гэрчилгээтэй ч улсын татварын албанд бүртгэлгүй, огт татвар төлөөгүй.
Хүн хувийн өмчтэй бол татвараа төлж, татвар нь хувийн өмчөө яаж ашигтай байлгах вэ гэдэг хөшүүрэг нь болж байдаг. Хэрэв татвараа төлсөөр явсан бол дахин төлөвлөөд, юу л бол юу хийж ашиглах боломжтой байлаа. Гэтэл 30 жил юм хийгээгүй байна.
Хотын төвийн байшингууд, жишээ нь Энхтайваны гүүрний урд байдаг Хаан Банкны байр жилд 1.4 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Энэ байшин харин 0. Татвараа төлөхгүй байхаар л яасан ч яах вэ, байж л байг гэсэн хандлагаар явж иржээ.
Доод хэсэгт байдаг компани нь татварт бүртгэлтэй ч огт төлдөггүй, өртэй.
Хангай зочид буудал гэмт хэрэг зөрчлийн үүр уурхай болоод байна. Сүүлийн 10 жилд 40 гаруй гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл бүртгэгдсэн байгаа. Долоон төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Ихэнхдээ дотор нь орж хүмүүс архидаж байгаа. Энд харуул хамгаалалт байхгүй тул дураараа ороод архидаж, улмаар гэмт хэрэг гарч байна.
Эзэмшиж буй хүнд нь бид татвараа нөхөж төл, хоёрдугаарт энэ балгасаа өөрчил, өнгө үзэмжийг нь сайжруул гэсэн шаардлага тавьж байгаа.
Энэ байшинд хөрөнгийн үнэлгээ хийгдээгүй учраас татвар тооцоход төвөгтэй байгаа" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!