Уншиж байна ...

"Хамгийн хямдхан, үйлчилгээ муутай, хоцрогдсон эм тариаг манай улсад оруулж ирж байна"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр болж байна. 

Энэ үеэр иргэдийн төлөөллүүд дараах асуудлуудаа илэрхийлсэн юм. 


"Монголд уналт таталт намдаах ганцхан тарилга байдаг. Шинээр лаа оруулж ирсэн ч эмнэлгүүд авахгүй байсаар хугацаа нь дуусчихсан"

Уналт таталттай өвчтөнүүдийн төлөөлөл н.Хонгор "Эмийн чанар муу байгаа гэдгийг улс орон даяар мэдэж байгаа. Гаднаас маш олон эм авч уудаг. Тэр нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орчихсон мөртлөө Монгол Улсын эмийн жагсаалтад ороогүй учраас эмийн сангуудаар Эрүүл мэндийн даатгалаар авах ямар ч боломжгүй байна. 

Монголд уналт таталт намдаах ганцхан тарилга байдаг. Уг нь Герман, Францад шулуун гэдсээр хийж болдог лаанууд байдаг болчихсон. Үүнийг бид хүсэлт гаргаж Монос фарм оруулж ирсэн боловч эмнэлгүүд нь авахгүй байсаар байгаад оруулж ирсэн хэдхэн лаануудынх нь хугацаа дуусчихсан. 

Мөн бидний уудаг эмүүд тарилгаар хэрэглэх боломжтой болсон ч манай улсад тарилгаар оруулж ирээгүй л байна. Түүнчлэн хөдөө орон нутагт байгаа уналт таталтын өвчтэй хүмүүст эм, тариа ерөөсөө хүрэлцэхгүй байгаа" гэв. 

B, Д вирустэй иргэдийн төлөөлөл н.Буянтогтох "В, Д вирустэй иргэд "Entacavir" гэх эмийг доод тал нь 10 жил түүнээс дээш ууж байгаа ч вирус нь дарагдаж байгаа юм уу гэвэл үгүй. Түүнчлэн олон улсад 30 жил хэрэглэж байгаа гаж нөлөөтэй тариаг яагаад иргэддээ шахах гээд байдаг юм бэ? Үүнээс өөр үйлчилгээ сайтай тариа гарчхаад байна шүү дээ" гэв. 

"Төрөөс үнэгүй өгч байгаа нэртэй хамгийн хямдхан, үйлчилгээ муутай, хоцрогдсоныг нь оруулж ирж байна" 

Монголын сахарын өвчтэй иргэдийн нэгдэх “Жаргал” нийгэмлэгийн тэргүүн, диабет судлаач Г.Жаргалсайхан "Сахартай өвчтэй хүмүүсийн тарьж хэрэглэх олон төрлийн инсулинүүд гарчихсан. Гэтэл төрөөс үнэгүй өгч байгаа нэртэй хамгийн хямдхан, үйлчилгээ муутай, хоцрогдсоныг нь оруулж ирж байна. Сахар бол өөрийгөө хянах ёстой өвчин. Иймд өөрийнхөө сахарыг хянадаг тестэрийг хямдруулах ёстой. Тестэр үнэтэй байхаар хүн сахраа хянахгүй байсаар хүндэрчихдэг. Зөв эм тариагаа оруулж ирэхгүй байна" гэв. 

ДОХ өвчтэй хүмүүсийг төлөөлж,  ХӨСҮТ-ийн ДОХ бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны дарга н.Даваалхам "ДОХ өвчтэй хүмүүсийн уудаг эмийг 2003-2013 он хүртэл ДОХ, сүрьеэ, хомхой өвчинтэй тэмцэх Глобал сангийн буцалтгүй тусламжаар ханган нийлүүлдэг байсан бол 2013 оноос эхэлж, Монгол Улсын Засгийн Газар хариуцаж эхэлсэн. 

2013 онд бүх ханган нийлүүлж байгаа байгууллагуудад уг эмийг нийлүүлэх хүсэлтийг тавьсан ч нэг ч байгууллага хариу ирүүлээгүй. Иймд олон улсын байгууллагууд руу хүсэлтээ өгч НҮБ-ын хүүхдийн сан ханган нийлүүлэх боломжтой гэсэн хариуг өгсөн. 

Саяхныг болтол ямар ч асуудалгүй явж байсан ч сүүлийн жилүүдэд хууль эрхзүйн асуудал тулгарч эхэлсэн. Энэ эмийг хэрэглээд 21 жил болсон ч Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэлгүй, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад ороогүй. Төрөөс эмийн зардлыг нь хариуцсан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад онош нь орсон ч төрөөс даах эмийн жагсаалтад байхгүй байна" гэв. 

Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбооны төлөөлөл н.Өлзийбаяр "Элэг, бөөр шилжүүлэн суулгасан хүмүүсийн эмийн асуудал байна. 2022 оны тоо баримтаар уг эмийг 150-160 хүн уух ёстой. Сарын дундаж хэрэглээ нь нэг сая төгрөг. Энэ эмийг хүмүүс өөрсдөө худалдаж авч ууж байгаа. Эрүүл мэндийн даатгал болон төрөөс эмийн зардлын хариуцахад ч ороогүй. Мөн цөөн хүн уудаг бас нэг эмийн асуудал байна. 

2006-2016 он хүртэл диализын нэг ч эм бүртгэгдээгүй явж байгаад бид өөрсдөө хөөцөлдөж байгаад бүртгүүлж, ууж эхэлсэн" гэв. 

"Наран Ижий Заяа" хавдрыг даван туулагчдын холбооны төлөөлөл н.Ариунаа "Хорт хавдрын эмчилгээ 2021 оноос 100 хувь даатгалаар хийлгэх болсон ч түүнээсээ ухарч байгаа зүйл байна. Таван жилийн хугацаатай уудаг хөхний хавдрын эм олдоцгүй, эмийн сангуудад байхгүй болсон. Ясны үсэрхийлэхээс хамгаалдаг тариа даатгалд ороогүй байна. Хавдар бол хугацаа алдаж, эмчилгээ зогсвол цаашаагаа хэцүү болдог өвчин" гэв. 

Зураг
13 | 18 | 17 цаг