Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас Сүхбаатар аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг саатуулан шалгаж байгаа асуудлаар мэдээлэл өгч байна.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс Сүхбаатар аймгийн удирдлага буюу Сүхбаатар аймгийн Засаг дарга, тус аймгийн ИТХ-ын дарга болон бусад холбогдох албан тушаалтнуудыг 2023 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлүүлсэн.
Шалгалтын хүрээнд дараах нөхцөл байдлууд тогтоогдож байгаа юм. Тодруулбал
Сүхбаатар аймгийн Засаг дарга болон эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа" гэлээ.
Мөн "Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга нь өөрийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, тус аймгийн Баруун-Урт сумаас зохион байгуулсан тендерт өөрийн хамаарал бүхий этгээдийн компанийг шалгаруулж, гэрээний гүйцэтгэл, техникийн тодорхойлолт болон тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй, өөрийн эзэмшлийн хөрөнгийг шилжүүлж өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон байж болзошгүй.
Тодорхой тендерт ААН-ийг шалгаруулаад тухайн тендерт шаардагдаж байгаа эд зүйлийг өөрийн эд хөрөнгийг нийлүүлэх замаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй.
Дээрх асуудалд Сүхбаатар аймгийн төр, захиргааны байгууллага буюу хууль хүчний байгууллага, төрийн захиргааны бусад байгууллагын бүх удирдах албан тушаалтнуудын зардлыг гаргуулж аваад БНХАУ-д аялуулсан нөхцөл байдлууд тогтоогдож байна" гэлээ.
Үргэлжлүүлэн "Тус аймгийн удирдах эрх бүхий албан тушаалтнууд гэмт хэргийн замаар олсон хөрөнгөө нуун далдлах зорилгоор өөрийн хамаарал бүхий иргэдийн данс, картыг ашигладаг.
Мөн ахуйн хэрэглээний хоол хүнс, бараа, баяр ёслолын үеийн бэлгийг албаны эрх нөлөөгөө ашиглаж хүнсний дэлгүүр, үйлчилгээний төвүүдээс төлбөрийг төлүүлэхгүйгээр авдаг. Улмаар уг төлбөрийг хууль бус орлогоор нөхөж төлдөг.
Өөрийн албаны эрх нөлөөг бэхжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд ашигт малтмал, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдээс гэрээнд заагаагүй төлбөрийг авч, аймгийн төвийн захиргааны болон тусгай чиг үүргийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг гадаад улсад үнэ төлбөргүй аялуулдаг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээрх данс гэдэг нь хууль бусаар олсон байж болзошгүй мөнгөн тэмдэгтийг бусдын дансанд байршуулаад тухайн этгээдийн картыг нь ашиглах байдлаар өөртөө давуу байдал бий болгосон. Хөрөнгө нуун далдалсан байж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдож байгаа юмаа.
Мөн аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа этгээд нь “1989 оны төгсөгчдийн клуб” нэртэй ТББ-д төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг нь тогтоогдсон. Тухайн төрийн бус байгууллагад бүртгэлтэй гишүүд нь өөрсдийн үүсгэн байгуулсан, үйл ажиллагааг нь хариуцдаг ААН-үүдээрээ дамжуулан Сүхбаатар аймгаас зарлагдсан өндөр үнэ бүхий тендерт удаа дараа сонгон шалгарч байсан нөхцөл байдлууд тогтоогдож байна" хэмээн АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Н.Тэмүүлэн ярилаа.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!