"Сэлбэ голд далан барихыг хүлээвэл ахиад л үер болно. Урсцыг өргөн, илүү гүн болгож, бутнуудыг нь аваад өгөөч"
Сэлбэ хотхоны оршин суугчдаас үерийн далангийн төсөвт өртөг болох 20 тэрбумыг эсэргүүцэж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Өнгөрсөн оны долдугаар сард болсон Сэлбэ голын үерээс хойш өнөөдрийг хүртэл хийсэн ажлууд ямар түвшинд байгаа нь одоог хүртэл тодорхой бус байна гэдгийг оршин суугчид онцолж байв.
"Сэлбэ 200" сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөл "Манай СӨХ-оос сэргээн засварлах ажлыг оршин суугчидтайгаа хамтраад чадлынхаа хэрээр өөрсдөө хийж байгаа. Тухайн үед хотын захиргааны албан тушаалтнуудын үнэлгээг нь гаргаж, байр орон сууц дээр дүгнэлт гаргаж өгнө гэсэн амлалтууд нь өнөөдрийг хүртэл хийгдээгүй.
Бид маш олон бичгийг шат дараатайгаар албан газруудад нь хүргүүлж байсан. Албан ёсоор хариу ирсэн нэг ширхэг ч бичиг байхгүй.
"Хотын захиргаанд нэг бичиг өгөхөөр 20 алба, дүүрэг хороо дамжсаар "Судалж байгаа гэнээ" гэсэн л хариу ирдэг"
Далан тавина, төсөв мөнгө нь батлагдаж байна, мөнгө, зураг төсөл нь явж байна гэж явсаар ямар ч ажил хийгдэхгүй өнөөдрийг хүрсэн.
"S'Outlet" дэлгүүрт нураах үйл ажиллагаа явагдахгүй байгаа шүү. Өнөө өглөө хотын захиргаанаас нурааж байгаа гэж мэдээлэл өгч байсан. Тэнд маш олон зөрүүтэй мэдээллүүд байна. Жишээ нь "Бид голыг нь тохижуулж өгөх гээд байхад оршин суугчид эсэргүүцээд байна" гэж байна. Нэг ч хүн эсэргүүцээгүй шүү.
Бид нэг бичиг хотын захиргаанд өгөхөөр дотроо 20 албан хаагчийг дамждаг. Хотоосоо дүүрэг рүү явдаг. Дүүрэг дээрээ хэчнээн цаг хугацаанд ямар ч хүнийх нь шүүгээнд байдаг юм бүү мэд явсаар хороон дээр очдог. Хорооноос бидэнд "Судалж байгаа гэнээ" гэсэн л хариу ирж байгаа юм.
S'Outlet-н барилгыг буулгачих юм бол урсцыг нь өргөн болгоод доошоо түвшнийг нь ухах ёстой байгаа. Маш олон жилийн үерийн лаг шаврууд үүсчихсэн. Мөн голын ай сав дотор нь маш их бургас модод голын урсцыг боомилж хог цуглуулдаг. Иймд урсцыг нь өргөн, гүнийг нь илүү гүн болгоод өгөөч, тэр олон мод бутнуудыг аваад өгөөч гэсэн л хүсэлт тавьж байгаа юм. Түүнийхээ дараа далангаа бариач ээ. Тэрийг барихыг хүлээх юм бол энэ зун ахиад л үер болно.
"УОК-оос "Сэлбэ 200" СӨХ-д хувин, усны гутал, элс хайргаа бэлдээрэй гэсэн мэдэгдэл байнга ирж байна"
Түүнчлэн Улсын Онцгой Комисс /УОК/-оос СӨХ дээр хувин, усны гутал, элс хайргаа бэлдээрэй. Машинуудаа гараашнаас гаргаарай гэсэн мэдэгдэл байнга ирж байна. Үерийн дараа болох юмыг сануулаад байна. Олны анхааралд өртөхөөр хэсэг бүлэг хүмүүс анхаарч, дарга нь хэлэхээр ажил хийж эхэлдэг хогийн тогтолцоо байна. Наана нь албатууд нь ямар ч ажил хийж байгаа юм бүү мэд" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
