Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ханнес Такач: ЕСБХБ-ны зээлийн 90 гаруй хувь нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг дэмжихэд зориулагдсан

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын удирдлагууд өнгөрсөн хоёрдугаар сард уулзаж хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэд хэдэн тодорхой ажлууд дээр хамтран ажиллахаар санал солилцжээ. 

Энэ хүрээнд “ЕСБХБ-ны санхүүжилт болон зөвлөх үйлчилгээг танилцуулах” арга хэмжээг өнөөдөр МҮХАҮТ-д зохион байгууллаа. Хуралд Улаанбаатар хотын 100 гаруй, орон нутгийн 20 байгууллагын төлөөлөл цахимаар оролцсон юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тус арга хэмжээний үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хамгийн хэрэгцээтэй зүйл бол санхүүжилтийн талаарх мэдээлэл байдаг. ЕСБХБ нь Монгол Улсын хувийн салбарт, тэр тусмаа Жижиг Дунд Бизнесийг хөгжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийсэн. Манай олон бизнесийн байгууллага ЕСБХБ-наас зээл санхүүжилт аван дараагийн шатанд гарсан” гэж онцолсон юм.

Харин ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Ханнес Такач “Өнөөдрийн арга хэмжээг санаачлан зохион байгуулж бидэнд мэдээлэл өгөх боломжийг олгосон МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болон багт талархал илэрхийлье. Бид энд та бүхнийг дэмжихээр, хамтран ажиллахаар ирсэн. ЕСБХБ нь Монгол Улсын хувийн хэвшилд хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд манай зээлийн 90 гаруй хувь нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг дэмжихэд зориулагдсан. Бид урт хугацаанд тогтвортой хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж онцлов.

Тус арга хэмжээгээр ЕСБХБ-наас худалдаа, хүнс үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, уул уурхай, байгалийн баялаг, дэд бүтэц, мэдээлэл холбоо, эрчим хүчний салбарт хийсэн хөрөнгө оруулалт, онцлох төслүүдээ танилцуулж мөн жижиг дунд бизнесийн зөвлөх үйлчилгээний хүрээнд үзүүлэх грант, дэмжлэгийн хувь, шалгуур үзүүлэлт, зөвлөх үйлчилгээний чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

 

Эх сурвалж: ЕСБХБ