Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Еркин: Жижиг, дунд бизнесүүдэд ОУ-ын стандарт нэвтрүүлэхэд нь зориулж ХасБанк 250 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

ikon.mn
2024 оны 4 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанкны Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Байгууллагын банк хариуцсан захирал Б.Еркинтэй ярилцлаа.

- ХасБанк “Жижиг, дунд бизнесүүдэд ISO стандарт нэвтрүүлэх хөтөлбөр” зарласан тухай сонслоо. Энэ хөтөлбөрийг эхлүүлэх гол хэрэгцээ шаардлага, үүгээр дамжин үүсэх боломж, давуу талууд юу байх талаар ярьж өгнө үү?

- Манай банкны алсын хараа, стратеги харилцагч нартаа санхүүгийн мэдлэг олгож, бизнесийг нь дэмжин, урам зориг, итгэл найдвар, бодит дэмжлэг үзүүлэхийг зорьдогт байдаг. Иймдээ ч бид харилцагчдаа хөгжүүлэх, техникийн туслалцаа үзүүлж, чадавхжуулахыг зорьж олон ажил хэрэгжүүлж ирсний нэг нь энэ болж байна. Жижиг, дунд бизнесүүдэд ISO стандарт нэвтрүүлэх энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр эртнээс төлөвлөж, бэлтгэл ажлуудаа бүрэн хангаж дуусаад одоо албан ёсоор материалуудаа хүлээж авч эхлээд байна.

Нэгд, жижиг, дунд бизнесүүдэд ISO стандарт нэвтрүүлэх нь маш чухал, олон улсын чиг хандлага, бизнесийн орчин ч үүнийг шаардаж байна. Бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ сайжруулж, дэлхийн зах зээлд гарч, экспортлохын тулд бид олон улстай “нэг хэлээр” ойлголцох хэрэгтэй. Тэр нь стандарт. Жишээ нь, нэг жижиг, дунд бизнес эрхлэгч махаа урагшаа экспортлох гэхээр мал эмнэлгийн, чанарын гэхчлэн маш олон стандартыг хангасан байх хэрэгтэй болно. Энэ бол анхлан хийж буй бизнесүүдэд амар даваа биш. Тэгэхээр үүнд нь бид тусалъя, зөвлөе, шаардагдах хөрөнгийн дийлэнхийг нь гаргаад өгье гэж байгаа юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг хангачихаар дэлхийтэй нэг хэлээр, амархан ойлголцоод, бизнес нь ч дагаад хөгжинө гэж бид харж байна.

Хоёрдугаарт, стандартыг хэрэгжүүлээд ирэхээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийх нь чанар нь тогтвортой болж, сайжраад ирнэ. Ингэснээр хэрэглэгчдээ татаж, итгэлтэй харилцаж, өрсөлдөх чадвар нь дагаад өснө.

Гуравдугаарт буюу хамгийн чухал нь стандарт гэдэг бол ерөөсөө л итгэлцэл. Хэрэглэгч тухайн бизнес эрхлэгчийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ эргэлзээ байхгүйгээр, итгэлтэйгээр худалдан авалт хийнэ. Ийм стандартуудыг хангасан учраас эдний бүтээгдэхүүн чанартай гэсэн шошго нааж буй хэрэг шүү дээ. Энэ ач холбогдлуудыг тооцож бид уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв юм байна гэж шийдсэн.

Нөгөөтээгүүр томоохон байгууллагуудтай хамтран ажиллах явцад ханган нийлүүлэгч, борлуулагч жижиг, дунд байгууллагуудыг чадавхжуулах чиглэлээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт олон ирдэг. Тэд ч өөрсдийн сувгаар тодорхой хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг ч санхүүгийн байгууллага биш учраас бидэнд ханддаг. Аль алинаа харилцан дэмжиж, чадавхжуулснаар оролцогч талууд бүгд хожих, үйл ажиллагаа ашиг орлого нь дээшлэх учиртай.

- Голлох стандартуудыг нэвтрүүлэхэд жижиг дунд бизнесүүдэд ямар асуудлууд тулгарч байна вэ. Хүний нөөц, чадварлаг мэргэжилтнүүдийн тухай хамгийн түрүүнд ярих хэрэгтэй болох байх.

- Мэргэшсэн боловсон хүчин дутмаг байгаа нь үнэн. Чадвартай боловсон хүчин бэлтгэх, тэднийгээ мэргэшүүлэх, стандартын дагуух үйл ажиллагааг мөрдөхөд энэ хөтөлбөр жижиг дунд бизнесүүдэд давуу тал авчирна гэж бид тооцсон. Учир нь стандарт хэрэгжүүлснээр бизнесийн үйл ажиллагаа, дотоод процесс нь сайжрахын зэрэгцээ боловсон хүчнүүд чадавхжиж, суралцдаг. Үүнд ч бид тодорхой зөвлөгөө, сургалт, дэмжлэгүүдийг өгөх болно.

Эхний ээлжид бид 15 байгууллагыг шалгаруулахаар төлөвлөсөн. Энэ бол бага тоо биш, цаашдаа үргэлжлээд явах боломжтой хөтөлбөр учраас бид өөдрөгөөр харж байгаа.

- Стандартуудыг нэвтрүүлснээр экспортод гарахад том давуу тал болно. Танай банкны зүгээс жижиг, дунд бизнесүүдийг сонгохдоо экспортод гарах боломжийг нь түлхүү харах уу?

- Бидний хувьд зөвхөн экспортод гарах боломжтой гэж онцолж ялгасан зүйл байхгүй. Мэдээж бүтээгдэхүүн, үйлчилгээнийх нь чанар сайжирч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг хангаад ирэхээр экспортод гарах боломж нь дагаад нэмэгдэх алсын зорилго нь байж болно. Тэрнээс биш экспортод гаргах бүтээгдэхүүнгүй бол шалгаруулахгүй гэсэн зүйл үгүй.

- 15 аж ахуйн нэгж шалгаруулна гэж байна. Гол шалгуурууд юу байх бол?

- Энэ хөтөлбөрийг бид амжилттай болгох бүх талаас нь хичээж, үр дүнг нь үзмээр байгаа. Зүгээр нэг хөтөлбөр зарлаад, оромдоод өнгөрөхийг хүсэхгүй байна. Хэрэв энэ амжилттай болбол дараа дараагийн тэтгэлэг, хөтөлбөрүүдийг бид оруулж ирж, жижиг дунд бизнесүүдийг дэмжих чиглэлд олон ажил хэрэгжүүлэхээр зорьж байгаа.

Хамгийн түрүүнд бид тухайн байгууллага үнэхээр ISO стандарт нэвтрүүлэх чин хүсэлтэй байна уу гэдгийг харна. Мэдээж бид хөтөлбөрт оролцож байгаа бизнесүүдийн ISO нэвтрүүлэхтэй холбоотой дийлэнх зардлыг даах боловч тухайн байгууллагаас бас зардал гарна. Тэгэхээр өөрсдийгөө тодорхой хэмжээнд санхүүжүүлэх чадвартай байх ёстой. Хоёрт, боловсон хүчний чадавх, хүний нөөцийг нь харна. Стандартуудыг нэвтрүүлэхэд түүнийг хэрэгжүүлэх хүний нөөц зайлшгүй хэрэгцээтэй. Гуравт, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх чин эрмэлзэлтэй, хэрэгжүүлсний дараа гарах үр дүнгийн хувьд маш тодорхой төсөөлөлтэй байхыг голлон харна.

- Энэ хөтөлбөрт зөвхөн ХасБанкны харилцагчид л оролцох боломжтой юу?

- Мэдээж манай харилцагч байвал давуу тал болж болох ч бид зөвхөн ХасБанкны харилцагч гэж хязгаарлахгүй. Тиймээс ISO нэвтрүүлэхийг зорьж буй бизнес эрхлэгчид ХасБанкны вэбсайтаар (www.xacbank.mn) хүсэлтээ илгээхэд л болно. Бид холбогдож дэлгэрэнгүй болон нэмэлт шаардлагатай мэдээллийг өгнө.

- Стандарт, хэмжил зүйн газартай хамтран ажиллаж байгаа юм байна. Шалгарсан байгууллагуудад банкны зүгээс болон СХЗГ-ын хоёр талаас нэмэлт ямар үнэ цэнийг авчрах бол?

- Стандарт, хэмжил зүйн газар цэвэр мэргэжлийн зөвлөгөө талаасаа оролцож байгаа юм. Банк стандартын тухайд мэргэжлийн байгууллага нь биш учраас тэд оролцогч байгууллагуудад зөвлөгөө өгч, сургалт явуулна. Жижиг, дунд бизнесүүд өөрсдийн цаг, хүний нөөц, тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж буй учраас энэ хөтөлбөрт бид өндөр хариуцлагатай хандаж, олон төрлийн хэрэгтэй сургалт, зөвлөгөө багтаасан. Хөтөлбөрийн явцад стандартуудаа хэрэгжүүлсний дараа түүнийгээ баталгаажуулах хэрэгтэй болно. Бидний зүгээс тодорхой санхүүжилтийг нь хангаад, СХЗГ-аас баталгаажуулах, стандартаа хэрэгжүүлэхэд нь зөвлөж, тусалснаар энэ ажил бүрэн төгөлдөр хэрэгжих юм.

- ХасБанк эко бизнесийг онцгойлон дэмждэг. Ногоон бизнесүүдийг онцгойлон дэмжсэнээр гарч буй бодит, эерэг үр дүнгүүд юу байна вэ. Хөтөлбөрт шалгарах байгууллагуудын байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг онцгойлон харах уу?

- Хөтөлбөрийн голлох санхүүжилтийг НҮБ-ын Уур Амьсгалын Ногоон Сангийн тэтгэлгээр хэрэгжүүлнэ. Энэхүү нэр хүндтэй сангийн үндэсний хэрэгжүүлэгч байгууллагаар манай ХасБанк хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдэн, сонгогдсон. Бид хөтөлбөрийн хүрээнд нэн чухал, хэрэгцээтэй гэж үзсэн дараах найман стандартыг онцолж буй.

  • ISO 9001: Чанарын удирдлагын тогтолцоо
  • ISO 14001: Байгаль орчны менежментийн тогтолцоо
  • ISO 22000: Хүнсний аюулгүй байдлын стандартын тогтолцоо
  • ISO 45001: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо
  • ISO 50001: Эрчим хүчний менежментийн тогтолцоо
  • ISO 19011: Менежментийн тогтолцооны аудит
  • HACCP: Хүнсний аюулгүй байдлын стандарт
  • SMICC 1:2023: Халал хүнсний стандарт

Эдгээр үйл ажиллагааны үндсэн, чухал стандартууд хэрэгжүүлж чадсанаар байгаль орчинд ээлтэй, орчин үеийн арга технологиор ажиллах боломж нь бүрдэнэ. Мөн чанарын удирдлага, байгаль орчны менежмент, эрчим хүчний менежмент гээд дээрх стандартуудад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, ногоон байх, шаардлагагүй арга ажиллагааг хэмнэх гэсэн шаардлагууд багтсан байгаа.

Өдгөө дэлхий дахинд бүхий л бизнес ногоон, эко байх тухай ярьж буй. Өмнөхөөс ялгаатай нь энэ одоо сонголт байхаа больчихсон. Зайлшгүй шаардлага болсон гэсэн үг. Гаднаас орж ирж байгаа тэтгэлэг, санхүүжилтүүд заавал ногоон бизнесийг дэмжинэ гэсэн нөхцөлтэй болсон. ХасБанкны хувьд энэ хандлагыг эртнээс харж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж ирсний давуу талууд одоо гарч ирж байна.

- Стандартын хэрэгжилт Монголд ер нь хэр байгаа бол. Та бүхэн энэ чиглэлд судалгаа хийхэд ямархуу үр дүн харагдсан бэ?

- Жишээ авч ярихад Чанарын удирдлагын стандарт бол ямар ч бизнесийн нэн тэргүүнд хангасан байх ёстой стандарт. Гэтэл 2023 оны байдлаар энэ стандартыг хангасан 300 хүрэхгүй тооны ААН л байдаг гэсэн мэдээлэл авсан. Чанарын удирдлагын стандартыг нэвтрүүлснээр дараа дараагийн нарийн стандартуудыг хэрэгжүүлэхэд дөхөмтэй болдог. Тэгэхээр энэ бол маш бага тоо.

Таны түрүүний асуулттай уялдуулж хэлэхэд, эдгээр стандартуудыг нэвтрүүлж,  технологио сайжруулснаар үргүй зардлууд багасаж, эрчим хүчний хэмнэлттэй, ус бага зарцуулдаг гэх мэт орчин үеийн шаардлагад нийцсэн үйл ажиллагаагаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болж ирнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартууд ч мөн адил хүний эрүүл мэндэд хоргүй, аюулгүй үйл ажиллагааг шаардаж эхэлнэ. Энэ бүх давуу талуудыг нь харж бид дээрх 8 стандартыг сонгосон.

- Шалгарсан байгууллагуудад олгох санхүүжилтийн хэмжээ ямар байх бол?

- Бид энэ хөтөлбөрт нийтдээ 250 сая төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн. Энэ нь маркетингийн сурталчилгааны тэргүүтэй бусад зардлууд орохгүйгээр, яг шалгарсан байгууллагуудад зарцуулах дүн юм. Стандарт, хэмжил зүйн газраас явуулах сургалтуудыг ч банкны өөрийн зардлаас гаргана. Нэг байгууллагад зарцуулах санхүүжилт 15 сая орчим байх болов уу.

- ХасБанкны зүгээс харилцагчдаа дэмжсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр ямар эерэг үр дүн хүлээж байна вэ?

- Харилцагчаа дэмжих, сонсох, хүсэл сонирхолд нь нийцсэн үйл ажиллагаа явуулах нь угаасаа бидний үндсэн ажил. Орчин цагт ямар ч бизнес хүнээ, харилцагчаа сонсохгүйгээр хөгжих боломжгүй болсон. Зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амар, хялбар, чирэгдэлгүй болгохоос гадна харилцан ашигтай дэмжлэг, хамтын үнэ цэнийг заавал тооцож байх хэрэгтэй. Энэ бол байнгын үргэлжлэх процесс.

Бидний харилцагчдын бүтээгдэхүүн үйлчилгээ нь чанартай болоод, боловсон хүчин нь бэхжээд, үйл ажиллагаа нь сайжраад ирэхээр банкны үйл ажиллагаа ч дагаад сайжраад ирнэ. Манай томоохон харилцагчдын цөөнгүй нь анхандаа жижиг, дунд бизнес байж байгаад банктайгаа хамт томроод, хөгжөөд явж байгаа түүх олон. Хамтын үнэ цэн, харилцан ашигтай ажиллагааг бид үргэлж тэргүүн зорилгоо болгож ирсэн.

- Төгсгөлд нь “Жижиг, дунд бизнесүүдэд ISO стандарт нэвтрүүлэх хөтөлбөр”-т оролцохоор сонирхож байгаа хүмүүст та юу гэж хэлэх вэ?

- Энэ удаа бид 15 байгууллага шалгаруулахаар төлөвлөсөн ч цаашид дахин үргэлжлэх боломжтой хөтөлбөр гэж харж байгаа. Тийм учраас амжилттай хэрэгжүүлэхэд бүх талууд хичээл зүтгэлээ гаргаж оролцохыг хүсэж байна. Бид хөтөлбөрийн бүртгэлээ эхлээд удаагүй ч 50 гаруй аж ахуйн нэгж хэдийнээ бүртгүүлээд байгааг харахад хэрэгцээ, шаардлага, сонирхол өндөр байгааг илтгэнэ. Сонирхож байгаа байгууллагууд манай банкны вэбсайтаас (www.xacbank.mn)  болон салбарууд дээр очиж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай, идэвхтэй оролцоорой гэж урьж байна.

 

Сэтгүүлч Г.Жигүүр

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.