Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

11 жилийн дараа 2000 оноос хойш төрсөн залуус хөдөлмөрийн насны хүн амын 43%-ийг эзлэх тооцоолол гарчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгааг Мягмар гарагт/2024.04.02/ болсон Байнгын хорооны хуралдааны үеэр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал Б.Батбаатар танилцуулав.



Олон улсад хөдөлмөрийн зах зээл томоохон сорилтуудтай тулгарч байна. Ажил эрхлэлтийн өсөлт удаашрах, ажиллах хүчний хомсдол нэмэгдэх, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын насжилт, төрөлт буурч буй зэргээс шалтгаалсан хөдөлмөрийн зах зээлийн бүтцийн өөрчлөлтүүд, бүтээмжийн өсөлт зэрэг томоохон сорилтууд манай улсын хөдөлмөрийн зах зээлд ч ажиглагдаж байна.

Ажиллах хүчний оролцооны түвшин 58.6 хувьтай болоод байгаа ч энэ нь олон улсын дундажтай ойролцоо бол ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа 7.5 сар байгаа нь олон улсын дунджаас доогуур үзүүлэлт.

Бодит цалин сүүлийн 10 жилд ам.доллароор илэрхийлбэл ердөө 17 хувиар өссөн нь хангалтгүй. Технологийн дэвшлийн түвшин манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр тун доогуур, түүн дээр ажиллах мэргэжилтэн дутмаг байгаа нь бүтээмжийг бууруулж буй нэг гол хүчин зүйл.

Сүүлийн 15 жилийн хугацаанд бэлтгэсэн мэргэжлийн чиглэлүүдийг харьцуулан харахад худалдаа, бизнесийн удирдлагын чиглэлээр маш их боловсон хүчин бэлтгэсэн нь өнөөдөр ихээхэн илүүдэлтэй болсон нь судалгаанаас харагдсан байна. Гэтэл инженерийн чиглэлээр багагүй мэргэжилтэн бэлтгэж байгаа ч эрэлтээ хангадаггүй.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн 43 хувь нь их, дээд сургууль төгсөгчдөөс өндөр цалин авч байгаа. Энэ хөдөлмөрийн зах зээлийн шингээлтээс алдагдсан боломж болон үр ашгийг тооцоолох шаардлагатай.

Хүн ам зүйн учир шалтгааныг хөдөлмөр эрхлэлтийн бодлогод анхаарах хэрэгтэй нь судалгаагаар тогтоогдсон. 2035 онд 2000 оноос хойш төрсөн залуус хөдөлмөрийн насны хүн амын 43 хувийг бүрдүүлнэ гэсэн тооцоог судлаачид хийжээ.

Албан бус хөдөлмөрийг зохистой хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэх асуудлыг бүх түвшинд анхаарч шийдвэрлэх шаардлага тулгарч буй. Хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, гадаад улсууд руу чиглэж байгаа ажиллах хүчнийг дотооддоо хэрхэн шингээх, цагаачлалын асуудалд ямар бодлого баримтлах зэрэг олон асуудлыг судалгааны хүрээнд хамруулан авч үзсэн байна.

ЕБС-ийн ахлах ангийн суралцагчид, их, дээд сургууль, коллежид элсэгчдийн тоо 2026-2027 оноос эрчимтэй нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа тул их дээд сургуулиудын тоог цөөлөх бус сургалтын чанарыг сайжруулах, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн төгсөгчдөд чиглэсэн тодорхой бодлого баримтлах нь зүйтэйг судалгааны дүн харуулжээ.

Судалгааны хүрээнд дэлхийн 200 гаруй улс орны сүүлийн 30 жилийн тоон мэдээлэлд үндэслэж эдийн засгийн өсөлт болон хөдөлмөр эрхлэлтийн түвшний хамаарлын мэдрэмжийн коэффицентийг харьцуулж, задлан шинжилгээ, үнэлгээ хийсэн байна.

Тухайлбал 2035 он хүртэл ДНБ-ий өсөлтийг хангахад шаардагдах ажиллагчдын тоо, дутагдах болон нэмэгдэх ажиллагчдын хувь хэмжээг эдийн засгийн өсөлтийн хувилбар трэндийг харьцуулан тооцоолжээ. Үүнээс 2023 оны төсөөлсөн өсөлтийг хангахад 159,000-228,000 ажиллах хүч нэмж шаардагдана гэсэн тооцоо гарчээ.

зураг
 

Салбар бүрийн ажиллах хүчний эрэлтийн судалгааг яамдаас авч, бодлогын баримт бичгүүд, Монгол Улсад хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг хүртэл нэг бүрчлэн тооцож  голлох мэргэжлүүдийн эрэлтийн тооцоог гаргажээ.

Бүх түвшинд бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын тогтолцоог хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн макро бодлогын зөвлөлийг УИХ болон Засгийн газрын дэргэд байгуулж ажиллуулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, шинэчлэн батлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, нийтлэг үйлчилгээг боловсронгуй болгож, чадавхыг бэхжүүлэх хүрээнд салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгааг тэрбээр дүгнэсэн юм.

Тухайлбал боловсролын салбарын ажиллагчдыг зуны улиралд аялал жуулчлалын салбарт, газар тариалангийнхныг өвлийн улиралд тээвэр, агуулахын салбарт ажиллуулах гэх мэт харилцан уялдаатай хамтын ажиллагаа чухал.

ЕБС-ийн 8-9 дүгээр ангийн сургалтын хөтөлбөрт ажил хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх хөтөлбөр, хичээлийг оруулах, байнгын хувьсан өөрчлөгдөх хөдөлмөрийн зах зээлд ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх үзэл баримтлалыг насан туршийн боловсролын хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад эрэлтэд тулгуурласан, ажил олгогчдын захиалгаар ажилтнуудыг богино хугацаанд сургаж бэлтгэх, давтан сургах уян хатан тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй.

Дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагыг магадлан итгэмжлэх шаардлага, шалгуурт өөрчлөлт оруулах, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик (STEM)-ын мэргэжлийн чиглэлд болон Монгол Улсад түлхүү ашиглаж буй техник, технологийн эзэн орны их, дээд сургуулиудад суралцахад Боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлгийг чиглүүлэх шаардлагатайг хэллээ.

Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, мэдээллээр бодлого боловсруулагчид болон иргэд, олон нийтийг хангах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг судалгааны дүн харуулжээ.

2035 он хүртэл хөдөлмөрийн зах зээлд шаардагдах эрэлттэй ажил мэргэжлийн судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэшсэн судалгаа шинжилгээний байгууллагуудын аргачлал загварыг харьцуулан судалжээ.