Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батгэрэл: Математикийн бодлого сайн боддог хүүхэд ирээдүйн бодлого тодорхойлогч байж чадна

Н.Нарванчин, Өдрийн сонин
2024 оны 3 сарын 25
Өдрийн сонин
зураг
 
Өдрийн сонин

Дэлхийн математикийн өдөр болж өнгөрсөнтэй холбогдуулан ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Симуляци, тооцооллын салбарын эрхлэгч Б.Батгэрэлтэй ярилцлаа.

- Таны багш хэн гэж хүн бэ. Та хэдэн жил математикчаар ажилласан бэ?

- 1985-1990 онд ОХУ-ын Москва хотын Багшийн дээд сургуульд сурч математикийн багш мэргэжил эзэмшсэн. Монгол Улсын төрийн соёрхолт математикч, академич Т.Жанлавын удирдлагаар 1995-1998 онд МУИС- ийн аспирантурт сурч, 1998 онд математикийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

1990-2010, 2014-2017 онд ШУТИС-ийн Дарханы технологийн сургууль. Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд 20 гаруй жил багшилсан. 2010-2014 онд ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт, 2017 оноос Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэн, Математик, тоон технологийн хүрээлэнд тус тус эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна.

- Математик бол бүх шинжлэх ухааны хаан гэдэг. Яагаад вэ?

- Шуудхан хэлэхэд "Математик бол бүх шинжлэх ухааны хаан" гэж хэн, хэзээ, яагаад ийнхүү хэлснийг мэдэхгүй байна. Харин "Аливаа шинжлэх ухаан математикийг хэрэглэсэн цагт сая төгс төгөлдөр болдог" гэж К.Маркс хэлсэн байдаг.

Шинжлэх ухааны туршилт, судалгааны бүхий л ажил нь эцэстээ бий болсон өгөгдөлд математик боловсруулалт хийж байж дүгнэлтээ гаргадаг болохоор ингэж хэлдэг байх. Жишээлбэл удахгүй манай улсад сонгууль болно, аль нам төрийн эрх барих вэ гэдгийг ард түмний өгсөн саналыг нэгтгэн дүгнэж байж шийднэ.

Эх хэлний дархлаа чухал. Математик шинжлэх ухаанч сэтгэлгээ, логик сэтгэлгээг хөгжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй

Эмийн компаниуд шинэ эмийг боловсруулан гаргахдаа ямар тунгаар хэрэглэх вэ гэдгийг мөн л туршилт, тооцоолол дээр тулгуурлаж гаргадаг. Тэгэхээр ямар ч шинжлэх ухааныг математикгүйгээр төсөөлшгүй шүү дээ. Бизнесийн салбарт ч мөн ялгаагүй. Интернэт хайлтын программын өрсөлдөөнд Google компани математикийн шилдэг шийдэл гаргаж чадсанаараа тэргүүлж чадсан шүү дээ.

- Мөнгө тоолж чаддаг байхад л болно гэдэг хүмүүс их. Яагаад математикт хүүхдүүд суралцах нь чухал юм бэ.

- Ерөнхий боловсролын сургуульд хамгийн их судалдаг нь математик, монгол хэлний хичээлүүд. Эх хэлний дархлаа чухал. Математик шинжлэх ухаанч сэтгэлгээ, логик сэтгэлгээг хөгжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй.

Бодлогын шийдийг таагаад олчихно гэж байхгүй. Бодлого бодож сурахын тулд цэгцтэй, зөв сэтгэж сурах хэрэгтэй. Бодлого сайн бодож сурсан хүүхэд ирээдүйд бүхий л салбарт, тухайлбал улс төрийн, аж ахуйн зөв, оновчтой бодлого хэрэгжүүлэх ухаантай болно.

- Бурхан хүнийг, бусдыг инженерүүд бүтээсэн гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?

- Хүний хэрэгцээ хязгааргүй байна. Орчин үед төрөл бүрийн ухаалаг төхөөрөмжүүд нэн шаардлагатай болж байна. Эдгээрийг бүтээх хүмүүс нь инженерүүд юм. Бүтээх процесс анх хаана эхэлдэг вэ гэвэл оюун ухаанд. Тухайн төхөөрөмж ямар бүтэцтэй, ямар зарчимд тулгуурлан ажиллах вэ гэдгийг боловсруулна. Дараа цаасан дээр бууна, ноороглоно. Түүний дараа туршилтын загварууд үйлдвэрлэгдэж, тест хийснээр амжилттай бүтээгдэхүүн болох юм.

Сүүлийн үед шинэ төхөөрөмж бүтээхэд симуляцийн аргыг өргөн хэрэглэх болж байна. Энэ нь бүтээх гэж буй төхөөрөмжийг компьютер дээр урьдчилан тооцооллын аргаар турших арга юм. Иймд инженерийн боловсролд математик маш чухал үүрэг гүйцэтгэх болж байна.

- Монголчууд үйлдвэрлэгч орон болоход математикчид, инженерүүд хэр чухал үүрэг, нөлөөтэй вэ?

- Монгол Улс үйлдвэрлэгч орон болоход инженерүүд зайлшгүй шаардлагатай. Харин математик сурахгүйгээр инженер болно гэж байхгүй. Үйлдвэрлэгч орон болоход улс төрийн шийдвэр нэн чухал.

Арван жилийн өмнө хятадууд цахилгаан автомашин ирээдүйд үйлдвэрлэнэ гэж мэдэгдэхэд дэлхий тэднийг шоолоод инээж байлаа. Харин өнөөдөр хятадын цахилгаан автомашины компаниуд дэлхийд тэргүүлж байна шүү дээ. Үүн дээр Монгол Улс, Хятад хоёрын ялгаа тод харагдаж байгаа юм. Хятадын улс төрийн нөлөө бүхий, бодлого тодорхойлогч ихэнх хүмүүсийн үндсэн мэргэжил инженер, шинжлэх ухааны салбарынх байдаг. Тэд улс орон хөгжихөд үйлдвэрлэл, шинжлэх ухаан чухал үүрэгтэй гэдгийг мэддэг. Т иймээс Хятад үйлдвэрлэгч үндэстэн байж чаддаг.Бид нүүрсээ зараад байх биш яаж нэмүү өртөг шингээх вэ гэж бодохгүй байна. Улстөрч хүмүүс дунд инженер олон байсан бол баялгаа түүхийгээр нь зарах бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн бодлоготой байх байлаа.

- Залуус урлаг, хүмүүнлэг, нийгмийн салбар руу илүү элсэн суралцаж байна. Яагаад хэн ч инженер болъё гэж бодохгүй байна?

- Инженер болох бол харьцангуй хүнд зам, бусад зам хөнгөн байхыг үгүйсгэхгүй. Хүнд, хөнгөн хоёр зам байвал хүндийг сонгож бай гэдэг сургаал байдаг шүү дээ. Хүнд хэцүү замын эцэст хүртэх шагнал, үр дүн нь хэд дахин илүү шүү дээ.

- Хүүхдүүдийг хэрхэн математикт сонирхолтой, хорхойтой болгох вэ?

- Энэ бол маш хэцүү асуудал. Мэдээж хамгийн түрүүнд сайн багштай байх хэрэгтэй. Сайн багшаас сайн шавь төрнө. Багш хичээлээ хэрхэн яаж зааж байгаагаас хүүхдийн сонирхол ямар байх нь тодорхойлогдоно.

Өнөөгийн нийгэмд багш нар маань үнэлэгдэхгүй, багш хүнийг хүндлэхгүй байна. Нийгэм баялаг байх үндэс нь хүн баялаг байх. Хүнээ баялаг байлгая гэвэл хүүхдүүдийнхээ боловсрол төлөвшилд хөрөнгө оруулах хэрэгтэй. Математикийн бодлого сайн бодож байгаа хүүхэд ирээдүйн бодлого тодорхойлогч байж чадна. Бодлого гэдэг үг өөрөө их сонирхолтой. Өнөөгийн нийгэмд асуудал их байна. Үүнийг зөв бодлогоор л шийдвэрлэж чадна.

Мөн хүүхдийн шинжлэх ухааны боловсрол, тухайн зүйлд цаашдаа сонирхолтой байх, сурч хөгжил хүсэл эрмэлзэл багшаас хамаарна. Тиймээс багш нарыг дэмжих, тэдэнд тавих шаардлагаа нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

- Манай багш нар чадварлаг байна уу?

- Манай нийгэмд оюуны өндөр чадамжтай залуу багш нар олон байна. Эдгээр залууст шийдвэрлэх асуудал, хийх үүрэг даалгавар өгөх хэрэгтэй байна. Саяхан ерөнхий боловсролын сургуулийн математикийн сургалтад Финландын математикийн платформыг ашиглаж эхэлсэн. Энэ бол сайн туршлага юм. Гэхдээ ийм ажлыг өөрийн орны математикийн багш нараар хийлгэвэл илүү сайн.

Таны гар утсаар авсан зураг, сонсож байгаа хөгжим, илгээж байгаа мессэж гэх мэт бүгд математикт тулгуурлаж байна

Манай их сургуулийн багш нар удирдаад, бусад математикийн багш нарыг оролцуулбал ийм төрлийн программыг бид бүтээх боломжтой. Мөн программ хангамж нэг удаа хийгддэггүй, тасралтгүй хөгжүүлж байх шаардлагатай.

- Бид яагаад шинжлэх ухааныг чухалчлахгүй байна?

- Өмнөх тогтолцооны үед эрдэм шинжилгээний ажилтнууд сайд нараасаа өндөр цалинтай байдаг байсан гэж яригддаг. Т эгэхэд шинжлэх ухааны академи нь манай улсын сор болсон залуучуудыг соронз мэт татдаг байж. Өнөөдөр бол ШУА-ийн судлаачид улсын дунджаас бага цалинтай байна. Тэгэхээр чадварлаг залуусыг татахын оронд түлхэж байна. Яагаад ийм бодлого барьж байгааг хэн ч ойлгохгүй байна

- Өгүүлбэртэй бодлого хамгийн "амттай" гэдэг яагаад юм бэ?

- Өгүүлбэртэй бодлого нь математикийг амьдралд хэрэглэж байгаа жишээ болохоор сонирхолтой байх нь мэдээж. Улаанбаатараас Багануур хүрэх хугацааг олоорой, олохдоо энэ томьёог ашиглана гэвэл хүүхдэд илүү сонирхолтой байх болно. Хүүхдийн төсөөлөн бодох чадвар сайжирч, бас амьдралд илүү ойр болгож өгч байгаа юм.

Математик бидний амьдралд маш эрчимтэй нэвтэрч, өнөөдөр бүх зүйл цахимжиж байна. Энэ бүхний ард математик байна. Таны гар утсаар авсан зураг, сонсож байгаа хөгжим, илгээж байгаа мессэж гэх мэт бүгд математикт тулгуурлаж байна.

- Математикч хүн ямар ажлын байраар хангагдах ёстой вэ?

- Математикч мэргэжлийн хувьд өнөөгийн нийгэмд харьцангуй бага ажлын байр байна. Гол ажлын байр нь математикийн багшийн ажил. Гэхдээ математикийн мэргэжил эзэмшсэн хүн ямар ч мэргэжил рүү хөрвөж чаддаг. Жишээлбэл, математикч хүн программист болбол хэдэн жилийн дараа программистаар сурч төгссөн хүнээс илүү сайн мэргэжилтэн болдог. Банк, даатгал гэх мэт салбарт математикчдыг ажилд авах их сонирхолтой байдаг.

Зураг