Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярболд: СЭМҮТ бол эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байгууллага. Гэтэл асрах үйлчилгээг давхар хийж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 3 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос өнөөдөр Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-д хийсэн 2023 оны хяналт шинжилгээний ажлаа танилцууллаа. 

Энэ талаар Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмжийг 2024 оны нэгдүгээр сарын 4-нд ЭМЯ-ны сайдад хүргүүлсэн.

Энэ зөвлөмжид одоо тулгараад буй дөрвөн асуудлыг хэрэгжүүлж ажиллахаар тусгасан. Эхнийх нь СЭМҮТ-д эмчлүүлж буй иргэдэд тогтоосон тэтгэвэр тэтгэмжийн 30 хувийг өөрийнх нь эмчилгээнд зориулахыг санал болгосон.

Үүнд тайлбар өгөхөд СЭМҮТ-д байнга хэвтэн эмчлүүлэгч 232 хүнээс 181 иргэний халамжийн мөнгийг тухайн иргэдийн ар гэр нь захиран зарцуулдаг. Харин 53 хүний тэтгэмжийн мөнгийг тус төвийн нийгмийн ажилтан захиран зарцуулж байгаа. Эдгээр 53 иргэний нэр дээр банкны данс нь байдаг, картыг нь нийгмийн ажилтан хариуцаж, захиран зарцуулалтад нь хяналт тавьдаг. 

Энэ ташрамд дурдахад 2004 онд сэтгэцийн эмгэгтэй хүнийг асрах газар татан буугдсантай холбоотойгоор тэнд байсан 300 орчим иргэнийг СЭМҮТ-д шилжүүлсэн. Эдгээр иргэний долоо нь хэзээ төрсөн, хэн гэдэг, хаанаас ирсэн нь тодорхойгүй, асран хамгаалагчгүй.

Уг нь СЭМҮТ бол сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлэх байгууллага. Гэтэл өвчтөнийг асрах, аж төрөх үйл ажиллагааг давхар хийж байгаа нь эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт сэтгэцийн ба зан төрхийн эмгэгийн бүлэгт хамааралтай F99 оноштой иргэдийн эмчилгээний зардлыг жилд нэг өвчтөний зардал 22 сая төгрөг болгож нэмэх зөвлөмж өгснийг шийдвэрлэсэн. 

Мөн сэтгэцийн оношоор эмчлүүлж буй иргэд сүрьеэ болон бусад халдварт өвчнөөр өвдсөн тохиолдолд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх зөвлөмжийн дагуу СЭМҮТ-д сүрьеэгийн тасаг шинээр байгуулагдаж, энэ төрлийн эмчилгээг төрөөс 100% хариуцахаар болсон" гэж ярьсан юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн хэвлэлийн хурлын үеэр СЭМҮТ-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал О.Баатаржав "Манай төв нь 1929 онд анх байгуулагдсан. Одоогоор нийт 20 гаруй нэгж, 460 гаруй ажилтантай, 570 орны хүчин чадалтай. 

Манай төв нь нийт найман га талбайд, зургаан объекттой үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн анхных нь 1963 онд баригдсан бол үүнээс хойш 1967, 1982, 2008 болон 2014 онд тус бүр ашиглалтад орсон. 

Хүний нөөцийн хувьд мэргэшлийн зэрэгтэй эмч, сувилагч 62 хүн ажиллаж байна. Үүнээс 33 нь их эмч бол 29 нь сувилагч юм.

Манай СЭМҮТ-д агааржуулалт тулгамдсан асуудлын нэг байдаг. Үүнийг шийдэхээр 2026 он гэхэд төвийн дулааны төвлөрсөн шугамд холбогдох зорилготой байгаа. Ингэснээр уурын зуухаар халаадаг байдлыг шийдэх боломжтой болно" гэж онцоллоо.