Парисын олимпыг зохион байгуулагчид тамирчдын хотхонд 300,000 бэлгэвч байршуулах болсноо албан ёсоор зарлав.
Хамгийн анх 1988 оны Сөүлийн олимпод бэлгийн замын халдварт өвчний эсрэг үйл ажиллагаа явуулах, тамирчдад энэ талаар зөв ойлголт өгөх зорилгоор 8,500 бэлгэвч тарааснаар цаашлаад уламжлал болон тогтжээ.
2000 онд Сиднейн олимп зохион байгуулагчид 70,000 бэлгэвч тараахаар төлөвлөсөн ч хүргэлтийн явцад алдаа гарч, нэмэлтээр 20,000 тараасан түүхтэй. Гэхдээ энэ нь эсрэгээрээ зөв шийдэл болсныг "хэрэглэгчид" нь хэлж байв.
Ингэснээр "хамгаалалтын" тоо 100,000-аас буухаа больсон билээ. Харин Лондонгийн олимпын албан ёсны түншээр сонгогдсон "Durex" 150,000 бэлгэвчээр хангаж рекорд тогтоосон ч Риогийн олимп зохион байгуулагчид 450,000-аар эвдсэн юм. Бразилчууд түүхэнд анх удаа 100,000 эмэгтэй бэлгэвч тараажээ.
Сонирхуулахад олимп зохион байгуулагчид тамирчдын хотхонд тараасан эд зүйлийнхээ мэдээг байнга хүргэдэг боловч Турины олимпын мэдээллийг италичууд олонд дэлгээгүй аж.
Эх сурвалж: Olympics.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!