Өнгөрсөн оны 11-р сараас эхлэн Монгол орон даяар их хэмжээний хур тунадас орж, нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтсонтой холбоотой малчин ард иргэд малаа бэлчээх боломжгүйд хүрсэн.
Монгол Улсын Засгийн газраас 2 сарын 14-өөс эхлэн гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, зудын эрсдэлийг бууруулах, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “Малчдадаа тусалъя” аян өрнүүлэх уриалга гаргасан. Энэхүү уриалгад “Улаанбаатар Гурил” компани нэгдэж, Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтран Төв, Баянхонгор, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар аймгийн 34 сумдад хөнгөлөлттэй үнээр баяжуулсан 1000 тонн тэжээлийн хивгийг олгоод байна.
Манай улс байгалийн бэлчээрээс 95 хувийн хамааралтай. Байгалийн бэлчээр нь зуны бэлчээрээсээ өвлийн улиралд ургацын хувьд гурав дахин, тэжээллэг чанарын хувьд мөн гурав дахин буурдаг. Ингээд ирэхээр хүйтэн талаасаа ч, тэжээлийн олдоц талаасаа ч хоёроос гурав дахин ачаалал малд учруулж байна гэсэн үг. Мөн ямар ч салхигүй үед тэжээл нь дутагдаж, мал зун намрын турш хуримтлуулсан тарга тэвээргээ алдаж эхэлдэг. Тэгэхээр нэг ёсондоо бэлчээр малын энергийн хэрэгцээг хангахгүй учраас мал осгодог байна. Тиймээс үүнийг хангахын тулд заавал нэмэлт тэжээл шаардлагатай болно.
Тэжээлийн хивэг болон улаан буудайг малд боловсруулан өгөх зөвлөмж:
Тэжээлийн хивгийг дэвтээсэн улаан буудай болон өвс, сүрэл зэрэг өөрт байгаа бусад нэмэлт тэжээлээ хольж бог малд 120-200гр, бод малд 300-500гр-аар тус тус тооцон дасгах замаар өглөө, оройд 2 удаа тогтмол өгнө. Ингэж малд боловсруулж өгснөөр шингэц түргэсэж, мал богино хугацаанд тэнхэрнэ.
Малчин ард иргэддээ сонор сэрэмжтэй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг, байгалийн давагдашгүй нөхцөлөөс шалтгаалан өвөлжилт хүндрээд байгаад боломжоороо дэмжлэг үзүүлэхийг нийт ард иргэд, аж ахуйн нэгжүүддээ уриалж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!