ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

М.Ганхүлэг: ₮40-45 мянгаар хонь авсан цөөн тохиолдол гарсан. Үнийн хувьд үйлдвэрлэгч, малчин хоёр тохиролцож байгаа

Б.Даваабазар, iKon.mn
2024 оны 3 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Малчдаас хонийг 40 мянган төгрөгөөр худалдан авч мөн зарим малыг нь зээлээр авч байна хэмээх асуудал яригдаж буй.

Энэ нь үнэн эсэх талаар Улсын Онцгой Комиссоос мэдээлэл хийх үеэр өнөөдөр ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэгээс сэтгүүлчид тодрууллаа. 

Тэрбээр хариулахдаа “Хөдөө аж ахуйн бирж үндсэндээ зохицуулах үйлчилгээтэй оролцож яваа. Үнийн хувьд худалдан авагч аж ахуйн нэгжүүд болон малчид хоорондоо тохиролцсоны үндсэнд гаргаж байгаа. 

Тохиролцохдоо хэд хэдэн зүйлийг харгалзана. Өөрөөр хэлбэл тухайн газраас үйлдвэр хүртэлх зам, цас зудын нөхцөл байдал, малын хоргодлын тооцооллыг ААН-үүд гаргаж байна. Мөн булангийн орнуудад экспорт хийж байгаа малын амьдын дундаж жин 13 орчим килограмм багаа. Тэгэхээр намрын болон одоогийн хонины хооронд зөрүү гарч байгаа учраас гологдож байна гэсэн үг. 

Яг одоо газар дээрээс нь очиж авахдаа хонийг 50-65 мянган төгрөгөөр тооцож авна гэж нэгдсэнээр мэдээлсэн. Харин одоо ажиллаж байгаа аймгуудад үйлдвэрлэгч болон малчин хоорондоо тохироод 40, 45 мянган төгрөгөөр авсан цөөн тохиолдол гарсан. ХХААХҮЯ болон Хөдөө аж ахуйн бирж зохицуулах байдлаар оролцож байна. Үнийн хувьд хоёр тал хоорондоо тохиролцох байдлаар явна. 

Түүнчлэн малыг үйлдвэрлэгч аж ахуйн нэгж өөрсдийн хөрөнгөөр авах боломжгүй, өндөр эрсдэлтэй гэж үзэж буй учраас Хөдөө аж ахуйн бирж батлан даагчаар орж ирээч гэх хүсэлт тавьсан юм. Үүний дагуу нэг сарын хугацаатай малыг нь аваад нэг сарын дараа төлбөрийг нь барагдуулахаар үйлдвэрлэгч,малчин, бирж гээд гурван талын гэрээ байгуулж хэлцэл хийж байгаа" хэмээв. 

Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан малчдаас ААН-үүд амьд хонь худалдан авсан тоон мэдээ: /2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хойш/: 

  • Төвийн бүсээс 156.1 мянга
  • Баруун бүсээс 15.2 мянга
  • Хойд бүсээс 8 мянга
  • Хангайн бүсээс 59.5 мянга
  • Зүүн бүсээс 132 мянга
  • Говийн бүсээс 51.3 толгой мал худалдан авжээ. 

Гуравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 42,426 толгой хонины 4.1 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн. Үүнээс 20,455 толгой хонины 1.7 тэрбум төгрөгийн арилжаа малчдын хотноос очиж авахад хийгдсэн байна.