Уншиж байна ...

Гэмт хэргийн зэвсэгт бүлэглэл Хайти улсын цагдаагийн дарга, сайд нарыг олзлох зорилгоор довтолж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Барбекю хочит Жимми Черизер

Хайти улсын томоохон гэмт хэргийн бүлгийн толгойлогч тус улсын цагдаагийн газрын дарга, засгийн газрын сайд нарыг олзлох зорилго тавьснаа мэдэгдсэний дараа өчигдөр нийслэл Порт-O-Прэнс хотод ширүүн буудалцаан эхэлжээ.

Тус улсын нийслэл хотын 80 орчим хувь одоо гэмт хэргийн бүлэглэлүүдийн хяналтад байгаа юм. Өнгөрсөн онд Хайтийн ерөнхий сайд Ариэл Анри нийгмийн дэг журмыг сахиулах чадваргүй болсноо хүлээж, олон улсаас цэрэг цагдаагийн тусламж хүсэж байв.

Түүний хүсэлтийн дагуу НҮБ зүүн Африкийн Кени улсын тусгай хүчний албан хаагчдын тэргүүлсэн хууль сахиулагчдын багийг Хайтид илгээхээр болсон.

Одоо ерөнхий сайд Анри эх орондоо байхгүй, Кенид ажиллаж байгаа юм.

Хайтийн томоохон гэмт хэргийн бүлгийн толгойлогч “Барбекю” хочит Жимми Черизер ерөнхий сайдыг эх орондоо буцаж ирэхэд саад учруулах зорилгоор цагдаагийн газрын дарга, засгийн газрын сайд нарыг олзлох төлөвлөгөөгөө өчигдөр видео бичлэг хэлбэрээр цацсан байна.

“Буу зэвсэг, Хайтийн ард түмний тусламжтайгаар бид эх орноо чөлөөлнө” гэж тэр мэдэгджээ.

Черизерын ажиллагаанд бусад зэвсэгт бүлэглэлүүд дэмжин оролцож байгаа эсэх тодорхойгүй байна.

Гэхдээ түүний мэдэгдэлд “Viv Ansanm” гэх ямар нэг эвслийн нэр дурдагдсанаас үзвэл бүлэглэлүүд нэгдсэн байх магадлалтай гэж International Crisis Group байгууллагын шинжээч Диего Да Рин дүгнэжээ.

Энэ нь Хайтийн нутгийн креол хэлээр “хамтдаа” гэсэн утгатай үг юм байна.

“Барбекюгийн ярьсан зүйл үнэн эсэхийг би яг одоо баталж чадахгүй. Бүлэглэлүүдийн хоорондын сөргөлдөөн маш хүчтэй, холбоотнууд байнга солигдож байдаг тул хэр удаан хугацаанд нэгдмэл байхыг хэлэхэд хэцүү” гэж Да Рин ярьжээ.

Ямартай ч гэмт хэргийн бүлэглэлүүд өчигдөр нийслэл хотын гол байгууламжууд руу зэрэг халдсанаас үзвэл нэгдсэн зохион байгуулалт, төлөвлөгөөтэй байж болзошгүй юм. Тухайлбал олон улсын нисэх буудал, хотын төвийн цагдаагийн хэсэг зэрэг газруудад халджээ.

Одоогоор Хайтид ард түмнээс сонгогдсон удирдагч байхгүй байгаа.

2021 оны долдугаар сард тус улсын ерөнхийлөгч Жовенел Мойзе өргөөндөө зэвсэгт этгээдүүдийн гарт алагдсан. Үүний дараа олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Ариэл Анри ерөнхий сайдаар томилогдсон юм.

Одоогоор Хайтид ямар нэг сонгууль явуулах боломжгүй байгаа. Анри саяхан Гайана улсад Карибын орнуудын удирдагчидтай уулзахдаа 2025 оны дундуур сонгууль явуулахаа амласан байна.

Гэхдээ тэр гурав дахь удаагаа сонгуулийн тов зарласан нь энэ юм. Анри өмнө нь 2022, 2023 онд сонгууль явуулах төлөвлөгөө зарласан ч хэрэгжиж чадаагүй.

Тэрбээр өчигдөр Гайанагаас шууд Кени улсад айлчилж, Хайтид олон улсын хууль сахиулагчдыг илгээх төлөвлөгөөг эцэслэн батлахад оролцож байгаа юм.

Ариэл Анри хэзээ эх орондоо буцаж ирэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

 

Эх сурвалж: Associated Press