Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Оюунсанаа: Тэрбум мод тарих бэлтгэл ажил хоёр жил үргэлжиллээ. Энэ жил болон 2025 оноос тарилт эрчимжинэ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 5 сарын 29
IKON.MN
Зураг зураг

2024 оныг "Ойн жил" болгон зарлажээ. Мөн энэ онд ойн салбарын 100 жил тохиож байгаа аж.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөн эхлээд хоёр жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хийгдсэн ажлын талаар болон цаашдаа Монгол Улсыг ойжуулахад хэрхэн ажиллах талаар Ойн Газрын дарга Б.Оюунсанаатай ярилцлаа. 


- Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүрээд буй зарим үр дүнгээс танилцуулаач. 

- Энэ хугацаанд бэлтгэл ажлаа хангаж үрийн болон тарьц суулгацын нөөцөө бүрдүүллээ. 

Төр болон хувийн хэвшлийн хэмжээнд: 

  • 12.1 тонн үрийн нөөцтэй байна. 
  • Жилдээ 130-150 сая ширхэг мод хэрэгтэй байгаа. Одоогийн байдлаар 61.5 сая орчим ширхэг тарьц суулгацын нөөцийг бүрдүүлсэн байна. 
  • 41.5 сая орчим мод тарьсан. 

Эхний гурван жилд бэлтгэл ажил буюу сууриа сайн бэлдэж, тарьц, суулгац, хүний нөөц, бүхий л дэд бүтэц бүрэлдэхүүнээр төлөвлөгдсөн. Түүнийхээ дагуу явж байна. Энэ жил болон дараа жилээс эрчимтэй модоо тарьж эхэлнэ. Бэлтгэл ажлын үе учраас эрчимтэй тарилт хийгдээгүй ч бага багаар тарилт хийгдсэн газрууд байгаа.

- Мод тарьж буй газруудыг хэрхэн сонгосон бэ? Судалгаатай юу?  

- Ерөнхийдөө "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн нь одоо байгаа доройтсон ойгоо нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтол, хөрсний элэгдсэн эвдрэлийн эсрэг хамгаалалтын зурвас байгуулах, хот суурин газарт ногоон байгууламж нэмэгдүүлэх гэсэн үндсэн гурван зорилгын хүрээнд байгаа. 

Уул уурхайн 21 аж ахуйн нэгж нийтдээ 608 сая мод тарихаар үүрэг, амлалт авсан. Судалгаа үндэслэлтэй хаагуур мод тарих төлөвлөлтүүд гарсан. Тус төлөвлөгөөний дагуу уул уурхайн компаниуд өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа аймаг, сум болон манайхаас тодорхойлон зааж өгсөн газар нутаг дээр тарилтаа хийнэ. 

Жишээ нь, Оюутолгой компанитай онцгой нөхцөл тохирсон.  Тус компани 100 сая мод амласан. Үүнийхээ 60 сая модыг бодитоор тарина. Үлдсэн 40 саяыг нь дүйцүүлэх хэлбэрээр тооцно. Бидэнд суурь дэд бүтцийн хэрэгцээ байгаа учир дүйцүүлж буй дүндээ дүндээ тухайлбал Мод үржүүлгийн газар /МҮГ/-ын газруудад хөрөнгө оруулалтыг хийнэ. Одоогоор гурван МҮГ говийн бүсэд байгуулж, дахин хоёр аймагт гурван МҮГ байгуулах ажил хийгдэж байна. 

Мөн мод үржүүлгийн газруудад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг худалдаж авах, шинэ техник, технологийг нутагшуулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зэрэгт туслалцаа үзүүлэх юм. Эдгээр тусламжийг үзүүлснээр 40 саяар тогтохгүй их модыг тарих дэд бүтцийг бий болгоно. 

- Зорилтдоо хурдан хүрэхийн тулд ямар дэд бүтцүүдийг шийдэхээр төлөвлөж байна вэ? 

- Эрдэнэтэд ойн салбарт томд тооцогдох бүтээн байгуулалтыг хийж байгаа. Түүгээд ирсэн үрийг хянаж чанарыг нь шалгахаас эхлээд ургалтыг нь туршаад хадгалах, хэрэгцээтэй хүмүүст нь түгээх ойн генетик нөөцийн төвийг байгуулж байна. Мөн зарим үржил шим муутай газарт мод тарихад сайн хөрс холих зайлшгүй хэрэгцээ гарч байгаа учир мод тарихад тохиромжтой хөрсийг их хэмжээгээр бэлтгэх хөрсний төвийг байгуулж байна. Жилдээ 10 орчим сая тарьц суулгацыг үйлдвэрлэх чадалтай буюу үр ороод хоёр жилийн дараа тарьц болоод гардаг автомат системийг нэвтрүүлэхээр худалдан авалтын шатан дээрээ явж байна. Хүний оролцоог багасгаж механикжуулах ажлуудад анхаарч байна. Энэ жилээс масс тарилт хийх техникүүдийг авч байгаа.  

"Уул уурхайн компани санхүүжилтээ шийдэж, үржүүлгийн газрууд модоо хэрхэн тарьж арчлахдаа санаа зовох нь хамгийн зөв шийдэл"

- Уул уурхайн компаниуд авсан амлалтаа биелүүлэхээр хэрхэн ажиллаж байна вэ? 

- Дээр дурдсан дэд бүтцүүд бол улсын бодлогоор хийгдэж байгаа зүйлс юм. Одоо бүрдүүлээд буй тарьц суулгацаа яаж талбай руу шилжүүлэх вэ гэдэг нь гол анхаарах асуудал болоод байна. Модны тарьц суулгац МҮГ-т 2-3 жил бойжоод болц нь гүйцсэн бол дараагийнхаа талбай руу шилжих ёстой байдаг. Удах юм бол үндэс нь хэт хөгжөөд шилжүүлэхэд хэцүү болж хорогдол гарна. Иймд амлалт авсан компаниудыг мод үржүүлгийн газруудтай хэлэлцээрийн ширээний ард сууж удаан хугацааны гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна. 

Уул уурхайн компани санхүүжилтээ шийднэ. Үржүүлгийн газрууд модоо хэрхэн тарьж арчлахдаа санаа зовох нь хамгийн зөв шийдэл юм. Энэ жишгээр амжилттай явж байгаа газрууд ч байна. Цаашдаа ч ийм жишиг тогтоох хэрэгтэй. 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд компаниуд бэлтгэл ажил руу гаа гол анхаарлаа хандуулсан. Энэ жил болон 2025 оноос өргөн хэмжээнд тарилт хийгдээд явна. Уул уурхайн компани манайхаас чиглэлээ авч орон нутагтайгаа гэрээгээ хийгээд мод тарих ажлаа мэргэжлийн компаниудаар хийлгүүлж байгаа юм. Өөрсдөө санхүүжилтээ шийдээд албан ёсоор бүртгэгдсэн 452 мод үржүүлгийн газруудаас сонгож аваад ажлаа хийлгэснээр мод үржүүлэхдээ санаа зовохгүй үр дүн дээр нь л хяналт тавина гэсэн үг.

"Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулдаг төрийн байгууллагуудад мод тарих найман байршлыг хариуцуулж өгсөн"

- Мод тарьж буй тодорхой жишээнүүдээс дурдвал? 

- Сэлэнгэ аймгийн Ялбагын хөндийд эзэнгүй орхигдсон уул уурхайн талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн. Одоо биологийн нөхөн сэргээлт буюу мод тарих ажил нь эхлээд явж байна. Богд уулын аманд 70 га талбайд доройтсон ойг нөхөн сэргээх ажил явагдаж байгаа. 

Нийслэлд хотын гудамж талбай, дүүрэг хороодын нутаг дэвсгэрээс гадна Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулдаг төрийн байгууллагуудад хариуцуулсан найман байршилд мод тарьж байгаа. Жил болгон тухайн төрийн байгууллагуудын ажилчдыг мод тарьсан газарт нь аваачиж модоо хэрхэн арчлахад нь дадлагажуулж үхсэн бол нөхөж тарих ёстой гэсэн дадлыг суулгаж байна. Хариуцах эзэнтэй болгож байна гэсэн үг.  

зураг
 

"Газрын зориулалт өөрчлөгдөж тарьсан мод сүйдэхгүй байх тал дээр талууд уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй"

- Хот дотор байдаг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн жишээтэй их мод тарьж, цэцэрлэгт хүрээлэн болгож болохуйц газрууд байдаг ч барилга барьчихсан тохиолдлууд байна шүү дээ. Хотын иргэд заавал хотоос гарч хол явахгүйгээр амарч зугаалах орчныг хүсдэг.

- Тэрбум мод үндэсний хөдөлгөөнтэй холбоотойгоор орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн талбайнуудад шалгалт хийгээд явж байна. Газар олголт маш замбараагүй болсон байна. Шууд сул орон зай дээр мод тарина гэсэн юм байхгүй. Нөхцөлийг нь үзэж байгаад бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг шийднэ. Үүнд иргэдийн өөрсдийнх нь оролцоо их чухал. Тарьсан модон дээр машин аваачаад зогсоох жишээтэй хандлагыг засахын тулд сүүлийн хоёр жилийн турш ажилласан. Хүмүүс ч өөрчлөгдсөн нь ажиглагдсан. 

Цэцэрлэгт хүрээлэн байгууллаа гэхэд түүний урт хугацаанд тогтвортой оршин байхад нийгмийн сонор сэрэмж, шахалт их чухал байгаа юм. Тарилт жил ирэх тусам нэмэгдээд явна. Хэн арчлах, санхүү, хүний нөөцийг хэн шийдэхээс эхлээд газрынх нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөхгүй байх асуудал чухал. Саяхан S`Outlets орчимд газрын маргаанаас болж 10 хэдэн жилийн настай улиаснуудыг хуулж авч байх жишээтэй. Иймд газар зохион байгуулалтын төлөвлөлт чухал. Газрын зориулалт өөрчлөгдөж тарьсан мод сүйдэхгүй байх тал дээр талууд уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй байна. 

- Хашаандаа мод тарьж байгаа айлуудыг хэрхэн дэмжиж ажиллах вэ? 

- Энэ жил бид хашаандаа мод ургуулж байсан туршлагатай, бусдадаа зааж зөвлөх, мод тарьж ургуулах үнэнхүү хүсэлтэй 50 айлыг сонгож тусламж үзүүлэх төсөл хэрэгжиж байна. Шалгарсан айлуудад 4х6 харьцаатай хүлэмж өгнө. Тарих модны үр өгч мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллана. Нэг иргэн мод тарих хүсэлтэй боллоо гэхэд хаанаас эхлэх вэ гэсэн сэдлийг өгөхийн тулд энэ төслийг зохион байгуулж байгаа юм. 

- Энэ төсөл цаашдаа үргэлжлээд явах уу? 

- Цаашдаа үргэлжилнэ. Айл хашаандаа мод тарьж ургуулахад ямар асуудал тулгарч байна. Түүнийг нь шийдэх, яваандаа хажуу хөршдөө нөлөөлдөг болох зэргийг төлөвшүүлэх зорилготой. Сонгон шалгаруулалт нээлттэй явна. 

зураг
 

- Ойн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан болох гэж буй ойн салбарын II чуулганаар ямар асуудлыг хэлэлцэх вэ? 

- Ойн салбар үүсэж хөгжөөд 100 жил өнгөрсөн байна. Ажлуудаа дүгнэхийн тулд Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ямар үр дүнд хүрэв, цаашдаа юунд анхаарах ёстой байна гэдгээ тодорхой болгох зорилготойгоор чуулганыг зохион байгуулж байна. Чуулган дээр ойн ашиглалт, хамгаалалт зэрэг өргөн сэдвээр ярилцана. “ОЙ 9+” уриан дор 2024 оны гуравдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдахаар болсон. 

“Хэдэн 10, 100 жилээр төлөвлөгддөг ойд сайн менежер биш мэргэжилтэн хэрэгтэй байна”

- Тарьж буй модыг арчилж хамгаалах ой, байгаль орчны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтний асуудал ямар байна вэ? 

- Онцлон хэлмээр байгаа нэг зүйл гэвэл манай улсад аливаа ажил дөрвөн жилийн тойрогтой л явж ирдэг асуудал байна. Ойн салбар бол хэдэн 10, 100 жилээр төлөвлөгдөж явах ёстой зүйл учир түүнийг хариуцаж байгаа мэргэжилтэн тогтвортой байх ёстой. Орон нутагт ажиллаж байгаа ойн ангиуд маш сул бүтэцтэй байна. Иймд үүнийг агентлагийн харьяанд босоо бүтэцтэй болгох асуудлыг Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж байна. 

Ойн ангийн дарга болон ойн инженер залуу удлаа гэхэд дөрвөн жил л ажиллаж байна. Тухайн хүнийг бид чадавхжуулж, заримыг нь гадагш нь явуулж сургаад байж байтал орон нутгийн сонгууль болоод л солигдчихож байна. Шинээр орж ирсэн хүмүүс дотор янз янзын мэргэжилтэй хүмүүс байдаг. Гэтэл ойн салбар бизнесийн байгууллага биш учир мэргэжлийн хүн л удирдаж авч явах ёстой. Мэргэжлийн биш бол үрээ хаанаас авч ямар зүйлийн мод тарих хэдэн га талбайд ойжуулалт хийх, шавжаа хэрхэн устгах зэрэг мэргэжлийн удирдлагаар хангаж чадахгүй шүү дээ. Ойн ангид сайн менежер хэрэггүй. Ойн мэргэжилтэн л хэрэгтэй. 

зураг
 

- Мэргэжилтэн бэлтгэхийн тулд ямар ажлуудыг хийж байна вэ? 

- Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөр бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилтан дутмаг байна. Модны үрийг ялгах, боловсруулах, зөв тарих, арчлах зэрэг ойн аж ахуйн олон нарийн ажлуудыг хийдэг хүмүүсийн дутагдал байна. Эдгээр боловсон хүчний асуудлыг шийдэхийн тулд өмнө нь ямар нэгэн мэргэжлээр бакалаврын диплом авсан хүнийг хоёр жилийн хугацаанд ойн инженерээр бэлтгэх хөтөлбөрүүд яваад эхэлчихсэн байгаа. Үүнд нэлээдгүй хүмүүс хамрагдаж байна. 

Мөн БНХАУ, Солонгос зэрэг улстай хамтарч мэргэжилтнүүдээ чадавхжуулах ажлууд хийгдэж байна. Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, МСҮТ-үүдээс богино хугацааны сургалтуудыг санал болгож байна. 1,000 сургагч багшийг бэлтгэж байгаа. Эдгээр сургагч багш нар өөр өөрсдийн орон нутагтаа мод тарих гэж буй хүмүүст зөвлөмж өгч ажиллах юм. 

- Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье

- Баярлалаа.