Уншиж байна ...

Европын орнууд Украинд цэрэг илгээх боломжийг Францын ерөнхийлөгч Макрон үгүйсгэсэнгүй

Т.Давааням, ikon.mn
2024 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Европын 20 улсын удирдагч Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа харуулах зорилгоор Францын нийслэл Парис хотод чуулжээ.

Чуулганы дараа зохион байгуулагч Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон “Оросыг дайнд ялуулахгүйн тулд бид шаардлагатай бүхнийг хийх болно” гэж мэдэгдсэн байна.

“Албан ёсоор хуурай замын цэрэг илгээх асуудал дээр өнөөдөр нэгдсэн тохиролцоонд хүрсэн зүйл байхгүй. Гэхдээ үйл явцын өрнөлөөс шалтгаалан юуг ч үгүйсгэх аргагүй” гэж Элисейн ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр тэр хэлжээ.

Макрон цааш нь “стратегийн тодорхой бус байдал”-ыг хадгалахыг илүүд үзэж байгаагаа илэрхийлээд аль улс цэрэг илгээх асуудлыг дэвшүүлсэн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

АНУ болон НАТО одоогоор Украинд цэрэг илгээх ямар нэг төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдээд байна.

Элисейн ордонд болсон чуулганы гол зорилго нь Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийг шуурхайлах асуудал байжээ.

Сүүлийн өдрүүдэд Украины арми сум хэрэгслийн нөөцгүй болсны улмаас Оросын давшилт эрчимжсэн.

Украинд зэвсгийн тусламж үзүүлэхийг эсэргүүцдэг Словак улсын ерөнхий сайд Роберт Фико чуулганы үеэр НАТО болон Европын Холбооны хэд хэдэн гишүүн улс цэрэг илгээх асуудлыг хөндсөн тухай мэдээлжээ.

“Украинд цэргээ илгээхэд бэлэн, Словактай адил үүнийг эсэргүүцсэн, мөн энэ санааг бодож үзэх ёстой гэсэн байр суурьтай улс орнууд байсныг би баталж байна” гэж тэр эх орон руугаа буцахаар онгоцонд суухынхаа өмнө хэлсэн байна.

НАТО-гийн дараагийн нарийн бичгийн дарга болох магадлалтай байгаа Нидерландын ерөнхий сайд Марк Рутте өчигдрийн чуулганы гол сэдэв цэрэг илгээх асуудал байгаагүйг мэдэгджээ.

Чуулганд видео холбоогоор оролцсон Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Манай ололт амжилтыг Путин устгахаас, эзлэн түрэмгийлэл бусад улс оронд өргөжихөөс бид урьдчилан сэргийлэх ёстой” гэж Европын удирдагчдад анхааруулсан байна.

Чуулганы үеэр Чех улс гуравдагч улс орнуудаас сум худалдаж авах санаачилга гаргаж, үүнийг нь олон улс дэмжжээ.

Уг санаачилгад нэгдэхээ 15 улсын тэргүүн илэрхийлсэн тухай Чехийн ерөнхий сайд Петр Фиала сүүлд мэдэгдсэн юм.

“Бид хэдэн зуун мянган сум гаргах болон олж авах боломжийн талаар ярилцлаа” гэж Фиала сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.

Эдгээр орнуудын батлан хамгаалахын сайд нар 10 өдрийн дотор төлөвлөгөө боловсруулж танилцуулахаар болжээ.

Нидерланд улс дангаараа 100 сая еврог сум худалдаж авахад зориулахаа мэдэгдсэн байна.

“Сум болон агаарын довтолгооноос хамгаалах системийг нэн яаралтай шийдэх хэрэгтэй. Бусад улс орнууд манай жишгийг дагана гэдэгт найдаж байна” гэж Нидерландын ерөнхий сайд Рутте хэлжээ.

Өчигдрийн чуулганд оролцогсдын дунд Германы канцлер Олаф Шольц, Их Британийн гадаад хэргийн сайд Дэвид Камерон, Скандинав болон Балтийн орнуудын удирдагчид байсан байна.

 

Эх сурвалж: Reuters