Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчим хүчний тулгуур уурхай “Багануур” ХК малчдад туслах аянд манлайлан оролцож байна

ikon.mn
2024 оны 2 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн орон даяар их хэмжээний хур тунадас орж, нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтсон. Мал, малчин хоёр сүүлийн 50 жилд тохиолдоогүй зуд, цурхантай нүүр тулсан, амаргүй өдөр хоногууд үргэлжилж байна.

Монгол Улсын Засгийн газраас хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, зудын эрсдэлийг бууруулах, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “Малчдадаа тусалъя” аян өрнүүлэх уриалга гаргасан. Энэхүү уриалгад “Эрдэнэс Монгол” ХХК, түүний нэгдлийн компаниудын үйл ажиллагаа явуулж байгаа аймаг, сумдын хэмжээнд зудын гамшигт нэрвэгдээд байгаа малчдад эрүүл мэндийн болон шаардлагатай бусад зүйлээр тусламж үзүүлэх, сум баг хоорондын зам давааг нээх зэрэг арга хэмжээг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан зохион байгуулахыг дурдсан.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газар, толгой компанийнхаа уриалгыг дэмжин “Багануур” ХК-ийн Гамшгаас хамгаалах штаб шуурхай арга хэмжээ авч Багануур дүүрэгтэй хил залгаа Хэнтий, Төв аймгийн 13 сум, тосгоны малчдад тусламж үзүүлэхээр шийдвэрлэж, ажилтнуудынхаа дунд аян өрнүүлэв.

Малчин түмнээ хүнд бэрх цаг үеийг гарз багатай даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 260 тн нүүрс, 1,300 шуудай хивэг, 13,000 ширхэг ажлын бээлий, 1,300 ширхэг хөвөнтэй бээлий, 1,930 ширхэг салхи шуурганаас хамгаалах малгай болон бусад бараа материал зэрэг уурхайчдынхаа халуун сэтгэл шингэсэн тусламжийг компанийн удирдлагууд өчигдөр буюу 2024.02.22-ны өдрөөс сумдад хүргэж эхэллээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Багануур” ХК-ийн энэхүү тусламжийн цуваа эхний ээлжид өвөлжилт хамгийн ихээр хүндэрч төмөр зуд нүүрлээд буй Хэнтий аймгийн Баянмөнх, Дархан сум, зудын өндөр эрсдэлтэй Өмнөдэлгэр, Цэнхэрмандал суманд хүрлээ.

Баянмөнх, Дархан суманд арваннэгдүгээр сараас хойш тасралтгүй цас орсны улмаас зам даваа хаагдаж өвс тэжээл татах, хүнс хоолоо залгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй болсон байна. Малчидтай уулзахад малаа бэлчээрт гаргах ямар ч нөхцөл боломжгүй тул мал өлдөх, бээрч осгох, хээл хаях зэргээр малын хорогдол их гарч байгааг хэлж байлаа. Сум, орон нутгийн удирдлагууд хаагдсан зам давааг нээхэд техник хэрэгсэл дутагдаж байна, боломж бололцоогоороо зам даваагаа нээсэн ч шөнөдөө шуурч дахин хаагдаж байгаа учир хүчин мөхөстөж байгаагаа илэрхийлж байв. Дээрх бэрхшээлээс гадна тус сумдын удирдлагууд зудын дараах малчдын амьдралын чанар, нийгмийн баталгаанд санаа зовниж байгаа тухайгаа мөн ярьж байлаа. Баянмөнх, Дархан суманд хоёрдугаар сарын 21-ний байдлаар 128 мянган мал хорогджээ.

“Багануур” ХК энэ сарын 27-ны дотор Хэнтий, Төв аймгийн зудын өндөр эрсдэлтэй сумдад тусламжаа хүргэхээр ажиллаж байна. Тус компани нүүрс, тэжээл, эд материалын тусламжаас гадна компанийн тоног төхөөрөмжөөр зэргэлдээх сумдын зам давааг нээх, засах ажлыг гүйцэтгэж байна.

Тухайлбал, өнгөрсөн өдрүүдэд Багануур дүүргийн Хуцаагийн ам, Цагаан хөтлийн чиглэлд 60 км, Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багаас Баянжаргалан сумын төв хүртэл 60 км, Галуут багийн  Их худгийн даваа, Хуурайн даваа, Цагаан чулуут, Цагаан хөтөл, Хужирын толгой чиглэлд 140 км, Баяндэлгэр сумын Байдлаг багийн Хужиртайн ам, Рашаантын ам, Тахилтын ам, Байшинт, Тогосын хоолой чиглэлд нийт 185 км, Төв аймгийн Эрдэнэ сумаас Архуст сум хүртэл 60 км тус тус түрж одоогийн байдлаар нийт 505 км хамарсан зам давааг нээсэн байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.