Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батзаяа: Улсын арслан М.Бадарчийн арбитрын шүүх хурал хойшилсон

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 2 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын шүүх байгууллагаас цаг үеийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Тус байгууллагын дарга Г.Батзаяа "Монгол Улсад спортын арбитрын журмаар байгуулагдсан албан ёсны үйл ажиллаагаа эрхэлж буй гэдгээ тодорхой хэлье. 2017 оноос олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. 

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр таван сая төгрөг аваад бөхчүүдийн барилдах эрхийг сэргээж байна гэх мэт худал мэдээлэл цацагдсан. Иргэн шүүхэд гомдол гаргахад материал бүрдүүлээд хураамжийн төлбөр төлдөг. Үүнтэй адил манай байгууллага дээрх хураамжийг авч байж гомдол саналыг хэлэлцдэг журамтай.

Манай байгууллагаас гаргаж буй шийдвэрийг Олон Улсын Арбитрын Шүүхээс үг үсэггүй хянаж тус байгууллагын баталсан дүрэм журмыг сахиулахыг шаарддаг. Мөн бид гаргасан шийдвэрээ албажингуут 24 цагийн дотор Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг буюу WADA руу мэдээллээ өгдөг.  

Манай байгууллага 2017 оноос хойш спортын хэрэг маргааны асуудлыг шийдвэрлэж ирсэн. Яг одоогоор улсын арслан М.Бадарч, харцага Т.Бэгзсүрэн нарын гомдлыг хэлэлцэж буй. 

М.Бадарчийн гомдол гаргасан шүүх хурал түр хойшлогдсон. Учир нь тус маргааныг шийдвэрлэхийн тулд нотлох баримт цуглуулах болон түүнтэй холбоотой 14 бичиг баримт цуглуулах хүсэлт тавьсан. Эдгээрээс зарим нь товлосон цагт ирээгүй. Мөн Үндэсний Их Баяр Наадмыг зохион байгуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гадаадад томилолттой байгаа тул хойшлуулах хүсэлт тавьсан. Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас өмгөөлөгч авсан тул хэргийн материалтай танилцах хүсэлтээ өгсөн. 

Дараагийн шүүх хурал хэзээ болох нь одоогоор тодорхойгүй. Оролцогч талуудаас бичиг баримтаа бүрдүүлэх болон дараагийн хурлыг нээлттэй хийх үү, хаалттай явуулах уу гэдэг тал дээр бас маргаантай байгаа. 

Шүүх хурлын явцын талаар урьдчилан мэдээлэл өгөх боломжгүй байна" гэж ярилаа.