Гэгээн хайрын баярын өдөрт зориулж БНСУ-ын алдарт дуучин жүжигчин Ким Хён Жун болон дуучин MC SNIPER, BLOO нарын хамтарсан "Your Valentine" тоглолт энэ сарын 17-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болно.
Энэхүү тоглолт нь Монгол, Солонгосын соёлын харилцааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монголоос Чойжоо, Вандебо, Magnetbrain нар оролцоно.
Тус тоглолтын ерөнхий зохион байгуулагч "Evandis entertainment"-ын хийж буй анхны урлагийн тоглолт нь юм. Тус байгууллага цаашид жил бүр уламжлал болгож өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор урлаг соёлын оддыг эх орондоо авчрахаар төлөвлөж байгаа аж.
Энэ талаар "Evandis Entertainment"-ын захирал Жон Ко "Монголд амьдардаг солонгос хүний хувьд улсынхаа уран бүтээлчдийг энд авчрах боломж гарсанд сэтгэгдэл их өндөр байна.
Уран бүтээлчдийг Монголд урих хэцүү даалгавар байсан ч ингээд биеллээ олж байгаад баяртай байна. Монгол, Солонгосын соёлын хүрээнд хийж буй анхны тоглолт учраас амжилттай болбол цаашид өөр уран бүтээлчдийг ч авчрах боломжтой.
Урлагаар дамжуулж хоёр орны иргэд бие биеэ илүү сайн ойлгож мэдрэмжээ хуваалцах боломж гарна гэж найдаж байна. Одоогоор 5,000 тасалбар борлуулсан" гэж ярилаа.
Монголд анх удаа ирсэн сэтгэгдлээ нэрт жүжигчин Ким Хён Жун "Монголд ирээд хоёр дахь өдрөө өнгөрүүлж байна. Их хүйтэн гэж сонссон ч даарсан мэдрэмж авсангүй.
Өмнө нь Монголын талаар огт мэддэггүй байсан. Өнгөрсөн жилээс нөлөө бүхий хүмүүс аялсан нэвтрүүлэг, контентыг үзээд мэдээлэлтэй болж эхэлсэн. Тиймээс үзэсгэлэнтэй байгальтай, хөдөө тал газар зонхилсон газар гэж төсөөлсөн ч Улаанбаатар хотод ирээд бодол маань өөрчлөгдлөө.
Аялал жуулчлалын сайд намайг хүлээн авч уулзсанд их талархлаа.
Энэ тоглолтод оролцож монгол хамтлаг дуучидтай нэг тайзан дээр гарах болсондоо сэтгэгдэл өндөр байна. Гадаадад тоглолт хийх тэр тусмаа өөр уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийнэ гэдэг амаргүй даваа. Ийм боломжийг гаргаж өгсөн бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлье.
Монголд ирэхээсээ өмнө чоно барьдаг том нохой байдаг гэж сонссон. Боломж гарвал чоно барьдаг нохой ямар байдгийг харах хүсэлтэй байна" гэсэн юм.
Рэппэр MC Sniper Монголд ирсэн сэтгэгдлийнхээ талаар "Өмнө нь аялсан солонгос хүмүүсийн видеог үзээд Монголд гэр бүлээрээ аялах бодол төрсөн. Тиймээс энд ирж тоглох болсондоо таатай байна. Боломж гарвал ирэх долдугаар сард гэр бүлийнхээ хамтаар аялахаар төлөвлөж байгаа" гэж онцоллоо.
Гэгээн хайрын баярын өдөрт зориулсан тоглолт учраас уран бүтээлчид хайрын сэдэвтэй дуугаар ая барина гэж зохион байгуулагчид дурдсан юм. Тус тоглолт маргааш 18:00 цагаас эхлэх бөгөөд ойролцоогоор дөрвөн цаг орчим үргэлжлэхээр төлөвлөжээ. Тиймээс ирэх үзэгчдийг түгжрэлээ тооцоолоод эрт ирж суудлаа эзлэхийг зохион байгуулагчдын зүгээс хүслээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!