Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын эсрэг хатуу чиг шугам баримтлагч Финландын ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Т.Давааням, ikon.mn
2024 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт болж өнгөрсөн Финландын ерөнхийлөгчийн сонгуульд баруун төвийн үзэл баримтлалтай Үндэсний Эвсэл Намын нэр дэвшигч Александер Стубб ялалт байгуулжээ.

Түүнтэй өрсөлдсөн Ногоон Намын нэр дэвшигч Пекка Хаависто ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн байна.

Стубб бол Европын Холбооны нэгдэл, Украины тусгаар тогтнолыг тууштай дэмжигч, Оросын эрх баригчдын бодлогын эсрэг хатуу чиг шугам баримтлагч гэдгээрээ танигдсан улс төрч юм.

Саналын хуудасны 99.7 хувийг тоолсны дараах байдлаар Стубб 51.6 хувь, Хаависто 48.4 хувийн санал авчээ.

Финландын ерөнхийлөгч нь тус улсын аюулгүй байдал, гадаад бодлогыг хариуцдаг.

Өмнө нь ерөнхий сайдаар ажиллаж байсан Стубб өнгөрсөн сар болсон ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатны санал хураалтад 27.2 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч Хаависто 25.8 хувийн саналаар удаалж байжээ.

Сүүлийн үеийн судалгаануудад тэр мөн өрсөлдөгчөөсөө 6-8 нэгж хувиар тэргүүлж байсан юм.

Хаависто “Финландын 13 дахь ерөнхийлөгч” болсон Стуббд баяр хүргэжээ.

Олон арван жилийн турш ерөнхийлөгч нар нь төвийг сахисан гадаад бодлого явуулж, ялангуяа хөрш Оростой найрсаг харилцаатай байхыг эрмэлздэг байсан Финландын хувьд энэ сонгууль томоохон эргэлтийг авчирч байна.

2022 онд Оросын цэрэг Украинд халдан довтолсны дараа Финланд улс гадаад бодлогоо эрс өөрчилж, НАТО-д элсээд байгаа.

Өмнөх ерөнхийлөгч Саули Ниинисто нь Украины дайн эхлэхээс өмнө Оросын ерөнхийлөгчтэй ойр харилцаатай байсныхаа төлөө “Путиний хов зөөгч” хочтой болсон хүн юм.

Түүний халааг авах Александер Стубб одоо Финландын НАТО-той харилцах бодлогод гол үүрэг гүйцэтгэхээр болж байна. Стубб бас Финландын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэх юм.

Өнгөрсөн сард Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа Стубб “Украинд явуулж буй дайнаа зогсоох хүртэл Оросын ерөнхийлөгч болон Оросын удирдлагуудтай улс төрийн ямар ч харилцаа үүсгэхгүй” гэж хэлж байв.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Финланд улс НАТО-д элссэнээр ОХУ-тай хамгийн урт шугамаар (1,340 км) хил залгадаг гишүүн улс нь болсон юм.

 

Эх сурвалж: Reuters