"Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн: Хүн амын эрүүл мэнд" сэдэвт олон улсын эрдэмтэн, судлаачдын хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо.
Хэлэлцүүлгийн үеэр “Монгол Улсад тамхинаас үүдэлтэй өвчний ачаалал дарамтыг бууруулах нь: 21 дүгээр зууны бодлогын хандлага” сэдэвт илтгэлийг Харвардын их сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль (НЭМС)-ийн профессор Ваун Риис танилцуулсан юм.
Хүүхдүүдийн электрон тамхины хэрэглээ, насанд хүрэгчдийн уламжлалт тамхины хэрэглээг яаж бууруулах вэ? гэдэгт анхаарах хэрэгтэй.
Хэрвээ та бүхэн үүний эсрэг ямар нэгэн үйлдэл хийхгүй бол өнөөдөр Монголд амьдарч байгаа хүүхдүүдээс 177,000 нь тамхины улмаас амь насаа алдах эрсдэлтэйг тэрбээр сэрэмжлүүлэв.
Тамхины татварын үнийг 75 хувиар нэмэгдүүлбэл Монгол Улсын 36,000 хүнийг тамхи татахгүй болгох боломжтойг ярьж байсан юм.
Түүний танилцуулсан илтгэлийг уншигч Та бүхэнд хүргэж байна.
Монгол эрчүүдийн 50 хувь, эмэгтэйчүүдийн найман хувь нь тогтмол тамхи татдаг.
Харамсалтай нь сүүлийн үед Монголын хүүхэд, залуусын дунд тамхины хэрэглээ их болжээ. 18-аас доош насны хүн амд тамхидалт нэмэгдэж байна.
Монголын нөхцөл байдлыг бусад орнуудтай харьцуулбал:
"Дэлхийн олон талт тамхины эсрэг конвенц"-ын гишүүн улс орны тоонд Монгол багтаж байгаа нь олзуурхах давуу тал. Энэ бол олон улсын хэмжээнд тамхины эсрэг тэмцэж байгаа нэг чухал санаачилга юм.
Дам тамхидалтаас сэргийлэх, агаарын чанарыг тамхинаас ангид байлгах, хамгаалах, тамхины сурталчилгаа, далд маркетингийг хориглох арга хэмжээг авах стратеги нэн чухал.
Ялангуяа тамхинд оногдуулж буй татварыг нэмэгдүүлэх нь маш үр дүнтэй стратеги байдаг. Дам тамхидалтаас сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд хүүхдийнхээ дэргэд тамхи татахгүй, тэдний эрүүл мэндийг хамгаалдаг сэтгэлгээтэй болгох нь чухал .
Тамхины хайрцаг дээр сануулга, анхааруулга наахыг зөвлөмж болгодог. Монгол Улсын хувьд зураг ашиглаж томоохон сануулга наалгах тал дээр үр дүнтэй ажиллаж байна. 2010 оноос хойш хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээ маш чухал.
Тамхи татдаг иргэд ихэвчлэн уушгины хавдар үүсгэдэг гэдгийг мэддэг. Гэхдээ зүрхний өвчин, цус харвалт болон хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг төдийлөн сайн мэддэггүй.
Тамхийг сурталчлахдаа ямар шошго наах вэ? гэдгийг анхаарах хэрэгтэй. Хүүхдийн анхаарлыг татсан, сэтгэлийг нь гижигдсэн байдлаар сурталчилгаа явуулахгүйн тулд гадна талын хайрцгийн сурталчилгааг анхаарах нь чухал.
Монгол Улсын телевиз, радио, самбарууд дээр тамхи сурталчлахыг хориглосон нь сайн. Гэхдээ борлуулалтын цэг дээр зар сурталчилгаа, далд маркетинг хийхгүй байх тал дээр ажиллах хэрэгцээ байна.
Тамхийг кино уран бүтээлээр дамжуулан яаж сурталчилж байна вэ? гэдэгт илүү нарийн мониторинг хийх шаардлагатай.
Татвар чухал нөлөөтэй. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зүгээс тухайн бүтээгдэхүүний үндсэн үнийн 75 хувь нь татвар байх ёстой гэж зөвлөмж өгдөг.
Одоогийн байдлаар Монгол Улсын ногдуулж байгаа татвар нь нийт бүтээгдэхүүний үнийн 36 хувийг л эзэлж байна.
Монголд тамхи худалдаж авах нь маш хямд. Хэрвээ үнийг нь нэмэгдүүлчихвэл хүүхэд, залуус тэр болгон худалдан авч чадахгүй. Үүнийг дагаад хэрэглээ буурдаг. Цаашдаа үнийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм.
Тамхины татварын үнийг 75 хувиар нэмэгдүүлбэл 36,000 хүнийг тамхи татахгүй болгоно.
Амьдрах хугацаа, дундаж наслалтыг нэмэгдүүлэх өргөн боломж байна. Тамхинаас гаргах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь үр дүнтэй. Мөн жижиглэн худалдааны орчныг яаж зохицуулах вэ? гэдэгт анхаарах хэрэгтэй.
Тухайн дүүрэгт тамхи борлуулах цэг олон байх тусмаа тамхичдын тоо нэмэгддэг шууд хамааралтай.
Дэлхийн улс орнуудад тамхидалтыг бууруулахын зэрэгцээ "эцэслэе", "зогсооё", "тамхи огт татдаггүй болгоё" гэх стратеги руу шилжиж байна. Үүний тулд
Ерөөсөө хүүхэд, залууст тамхины талаар ямар ч ойлголт өгөхийг хүсэхгүй байна.
Тамхины хяналтад нэг доллар зарцуулахад эргээд түүнээс ч их хэмжээний мөнгийг хэмнэж байдаг. Яагаад гэвэл эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг давхар бууруулж байгаа. Мөн ажлын бүтээмж сайжирдаг учраас эдийн засагт ашигтай.
Сургуульд үндэслэсэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа төр засагт хэмнэлт авчирдаг нь олон судалгаагаар нотлогдсон.
Харвардын их сургуулийн НЭМС-ийн профессор Ваун Риис хэлэхдээ "Үндэстэн дамнасан, улс төрийн салбарынханд хүчтэй нөлөө үзүүлдэг тамхины үйлдвэрүүдтэй тэмцэх хэрэгтэй болдог.
Өөрчлөлт авчрахын тулд улс төрчид болон ард иргэдийг ч татан оролцуулах хэрэгтэй. Олон улсын хэмжээнд ДЭМБ-тай хамт тамхи үйлдвэрлэгч том корпорацуудын эсрэг тэмцэх ёстой.
Сүүлийн жилүүдэд электрон тамхи нэвтэрч байна. Хүүхдүүдийн электрон тамхины хэрэглээ, насанд хүрэгчдийн уламжлалт тамхины хэрэглээг яаж бууруулах вэ? гэдэгт анхаарах нь зүйтэй.
Хэрвээ бид тамхины эсрэг ямар ч үйлдэл хийхгүй бол өнөөдөр Монголд амьдарч байгаа хүүхдүүдээс 177,000 нь тамхины улмаас амь насаа алдах эрсдэл бий.
Тамхидалт нь хорт хавдар, зүрхний өвчнийг бий болгож байгаа. Харамсалтай нь тамхи татдаг эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд өсөж байна. Энэ бол томоохон тамхины компаниудын стратеги амжилттай хэрэгжсэний үр дүн.
Монгол Улсад тамхины эсрэг маш өргөн хүрээний компанит сурталчилгааг нийтэд хандаж хийгээсэй гэж хүсэж байна. Монголд маш их боломж бий. Энэ чиглэлд өргөн хүрээнд амжилттай ажиллаж чадна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!