Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

О.Банзрагч: Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсыг дэлхийн ам.долларын төлбөрийн системтэй эргэн холбосон анхны банк боллоо

ikon.mn
2024 оны 1 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Өнгөрсөн оны 7 сард Монгол Улс ФАТФ-ын 40 зөвлөмжийг бүрэн биелүүлж үнэлгээгээ ахиулсан. Ингэснээр хүндхэн байдалд ороод байсан гадаад төлбөр тооцооны асуудлууд таатайгаар эргэн сэргэж байгаа аж.

Энэ талаар олон улсын харилцаа, хамтын ажиллагаагаар салбартаа тэргүүлэгч арилжааны банк болох ХХБ-ны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Банзрагчтай ярилцлаа.  

- Сайн байна уу? Танд шинэ оны мэнд хүргэе. Юун түрүүнд өнгөрсөн онд IPO-оо хийж нээлттэй хувьцаат компани болсонд нь дахин баяр хүргэе. Арилжааны ТОП банкнууд нээлттэй хувьцаат компани болсон нь зөвхөн банкны салбарын төдийгүй МУ-ын хэмжээний ач холбогдолтой үйл явдал. Энэ талаар яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?

- Сайн байна уу? Баярлалаа. Танд болон уншигч, харилцагч, хамтрагч түнш, хувьцаа эзэмшигч та бүхэндээ шинэ оны мэндийг дэвшүүлье. Системийн нөлөө бүхий арилжааны банкнууд хувьцаагаа гаргаж, олон нийтийн компани болсон нь санхүүгийн зах зээлийн шинэ үеийг эхлүүлж байна. Мөн хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал алхам болж байна.

Худалдаа, хөгжлийн банк олон улсын зах зээлд бонд гаргасан анхны бөгөөд цорын ганц арилжааны банк гэдгийг та бүхэн сайн мэдэх байх. Бид нийт таван удаа бонд гаргаж 1.14 тэрбум ам.долларын дунд, урт хугацаатай эх үүсвэрийг татаж, харилцагчдынхаа бизнесийг санхүүжүүлэхэд зарцуулсан байдаг. Хамгийн сүүлийн буюу 500 сая ам.долларын бондыг бид 2020 онд бүрэн эргэн төлсөн. Бид Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж буй томоохон бизнесүүдэд шаардлагатай санхүүжилтийг дотоод болон гадаад эх үүсвэрээс бүрдүүлэн олгож, эдийн засгийн зүтгэх хүч нь болдог. Энэ үүргээ цаашид ч үргэлжлүүлэн гүйцэтгэсээр л байна.

Бид олон улсын зах зээл дээр бонд босгох ажлыг удаа дараалан хийсэн, олон улсын хөрөнгийн зах зээл дээр ажиллаж ирсэн туршлага дээрээ суурилан IPO-оо олон улсын жишиг, стандартаар хийхийг зорьсон. 2023 онд нээлттэй компани болсноороо бид зогсохгүй. Үргэлжлүүлэн олон улсад нээлттэй компани болохоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл ХХБ-ны дараагийн зогсоол олон улсын хөрөнгийн бирж байх болно. 

- Таны хэлсэнчлэн ХХБ-ыг олон улсын түвшинд харилцаа, хамтын ажиллагаа ихтэй, Монгол Улсын шилдэг олон улсын банк гэдгээр нь бид сайн мэддэг. 2023 онд энэ чиглэлийн амжилт бүтээл юу байв?

- ХХБ үүсгэн байгуулагдсан цагаасаа л Монгол Улсын гадаад орчин дахь банк санхүүгийн нүүр царай, ар тал, итгэл болох үүрэг хүлээж ирсэн. 33 жилийн түүхэн цаг хугацаандаа энэ үүргээ сайн ч биелүүлж ирсэн, цаашид ч энэ байр сууриа улам бататган өргөжүүлнэ. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй олон улсын байгууллагуудтай өргөн хүрээний харилцаа, хамтын ажиллагаатай байхыг боддог. Гол зорилго нь ерөөсөө л бизнесүүдээ дэмжих. Жишээлбэл, Америк болон Австралийн худалдаа аж үйлдвэрийн танхимыг дурдаж болно. Өндөр түвшний харилцан хамтын ажиллагааг бэхжүүлснээр хоёр улсын хоорондын бизнесийн орчин сайжирна. Ялагч нь мэдээж бизнесийнхэн болоод Монгол Улсын эдийн засаг. 2023 оны олон улс дахь амжилтуудаасаа дурдахад,

  • 2023 оны 6 сард ХХБ Монгол Улсаас анх удаа Дэлхийн эдийн засгийн форумтай албан ёсны түншлэлийн гэрээ байгууллаа. Энэ нь дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарт Монгол Улсыг таниулах ажилд чухал алхам болж байгаа юм.
  • Мөн  Монгол, Хятад хоёр орны санхүүгийн хамтын ажиллагааны форумд оролцож, Bank of China-тай  “Стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг” зурлаа. Ингэснээр хоёр орны худалдаа, санхүү, эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагаа илүү өргөжих боломж нээгдэж байна.
  • Монгол Улсад Тогтвортой санхүүгийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсний 10 жилийн ойг тохиолдуулан “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий цуврал арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо, Олон улсын санхүүгийн корпорац болон бусад түнш дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Дэлхийн 40 гаруй орны 1,000 гаруй төлөөлөгчийг оролцуулсан Монгол Улсын стратегийн түвшний чухал арга хэмжээ болсон.
  • Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсноос хойш АНУ-тай хамтран ажиллаж буй анхны бөгөөд цорын ганц арилжааны банк боллоо.

гэх мэт онцлох ажил олон байна. Би зөвхөн Монгол Улсын хэмжээний өндөр ач холбогдолтой үйл явдлаас товчхон дурдлаа.

зураг
 

- Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсноор бизнесүүдийн үйл ажиллагаанд ямар хүндрэл гарсан бэ? Тэр дундаа арилжааны банканд?

- Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсны сөрөг нөлөө нь арилжааны банкнуудад маш хүнд туссан. Учир нь ФАТФ өөрөө мөнгө угаах гэмт хэрэг болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагаа явуулах зорилготой Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага. Монгол Улс ФАТФ-ын гишүүн орны хувьд тодорхой үүрэг хүлээдэг юм. Гэвч Монгол Улс 2017 оноос ФАТФ -н хараа хяналтад орж хатуухан сануулга, зөвлөмжүүдийг хүлээн авч эхэлсэн. Тухайн үед мөнгө угаах гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх чиглэлд хийх ажлын талаар нийт 40 Зөвлөмж өгснөөс 36-г нь Монгол Улс тодорхой хэмжээнд биелүүлсэн. Харин дөрвөн зөвлөмжийг хагас хэрэгжүүлсэн шалтгаанаар 2019 онд Монгол Улс бүхэлдээ ФАТФ-ын саарал жагсаалтад орж байв.

Ингэснээр манай улсын арилжааны банкнуудад АНУ, Европын банкнуудаас тавих шалгуур чангарсан. Улмаар хамтран ажиллаж, ам.долларын гадаад төлбөр тооцоог хийх АНУ-ын банкгүй болсон билээ. Үүнээс хойш одоог хүртэл Монголын ихэнх банкнууд Сингапур улсын банкаар ам.долларын гадаад төлбөр тооцоогоо дамжуулж хийж ирсэн. Товчхондоо 2019 оноос хойш ам.долларын гадаад төлбөр тооцоо хийгдэх процесс олон хонодог, гуравдагч гаднын банкаар дамжиж буй учир шимтгэл өндөр болсон юм. Энэ бол зөвхөн банк санхүүгийн системд тулгамдаж буй нэг л жишээ.

Бизнес эрхлэгчдийн хувьд олон улсын бизнесийн харилцаа нь муудах, иргэдийн хувьд Европын оронд ажиллах виз хүсэх, аялах нь хүндрэлтэй болох, валютын нөөц хомстох, гүйлгээний дүнг хязгаарлах гэх мэт олон төвөгтэй асуудал үүсээд байсан юм.

- Өнгөрсөн 7 сард Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсыг  ФАТФ-ын 40 Зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлснийг баталж, үнэлгээг өсгөсөн. Ингэснээр нөхцөл байдал сайжирч байна уу?

- Тийм ээ, 2023.07.13-ны өдөр Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс ФАТФ-ын 40 Зөвлөмжтэй холбоотой Монгол Улсын явцын тайланг хэлэлцсэн. Тус хурлаар өмнө нь “хагас хэрэгжүүлсэн” үнэлгээтэй байсныг “бүрэн хэрэгжүүлсэн” болгож техник хэрэгжилтийн үнэлгээг баталсан юм. Ийнхүү үнэлгээгээ ахиулснаар Монгол Улс ФАТФ-ын 40 Зөвлөмжийг бүрэн биелүүлсэн үнэлгээтэй Ази, Номхон далайн орнуудаас анхны орон, дэлхийн улсуудаас 5 дахь орон болоод байна.

Энэ цагаас хойш эерэг өөрчлөлт гарч байгаагийн нэг нь Монгол Улсаас анх удаа Худалдаа, хөгжлийн банк АНУ-ын арилжааны ТОП 5 банкны нэг болох  Bank of New York Mellon-той хамтын ажиллагаа эхлүүлж, ностро дансаа нээж байна. Худалдаа, хөгжлийн банк нь олон улсад танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн банкныхаа хувьд энэхүү хамтын ажиллагааг амжилттай эхлүүлж, Монгол Улсаа дэлхийн ам.долларын төлбөрийн системтэй дахин холбож чадлаа. Энэ бол манай Олон Улсын Банкны Газар болон Комплайнсын хэлтсийн хамт олон, залуусын нөр их хөдөлмөрөөр Монгол Улсад дахин олдож буй боломж. АНУ-ын ТОП банк бидэнтэй хамтарна гэдэг дараагийн удаад Европын банкнуудтай хамтран ажиллах боломжийн гүүр болох учиртай. Түүнчлэн Монгол улс олон улсын санхүүгийн стандартыг мөрдөж чаддагийг дэлхийд нотолж, олон улсын хөрөнгө оруулагч, түншүүдийн итгэлийг сэргээж, эдийн засгийг эергээр харуулахад томоохон түлхэц болно.

- Та түрүүн 2019 оноос хойш ам.долларын гадаад төлбөр тооцоо хийгдэх процесс олон хонодог, гуравдагч банкаар дамжиж буй учир шимтгэл өндөр болсон тухай дурдсан. Тэгвэл одоо эргээд өөрчлөгдөнө гэж ойлгож болох уу?

- Болно, Эцсийн үр дүн нь ерөөсөө л харилцагчийн сэтгэл ханамж шүү дээ. Худалдаа, хөгжлийн банк АНУ-д ностро дансаа нээснээр дэлхийн 100 гаруй улс руу ам.долларын шилжүүлгийг илүү ХЯМД, илүү ХУРДАН хийнэ. Ингэснээр Монгол Америк хоёр орны хооронд бизнес эрхэлдэг компани болон иргэдэд маш таатай боломжууд эргэн нээгдэж байна.

- АНУ-д сурдаг хүү рүү гээ хэрэглээний мөнгө шилжүүлдэг хүний хувьд их таатай сонсогдож байна. Ингээд сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе?.

- 2023 оны байдлаар бид 300 гаруй олон улсын санхүүгийн байгууллагуудтай корреспондент харилцаатай, дэлхийн өнцөг булан бүрийн томоохон клирингийн банкууд дээр 80 гаруй ностро данстайгаар, МУ-ын гадаад санхүүжилт, төлбөр тооцооны дийлэнх хувийг дангаар гүйцэтгэж байна. Цаашид ч бид банкны салбарт манлайлан олон улс дахь корреспондент банкны үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, харилцагч та бүхнийхээ дэлхийд гарах санхүүгийн гүүр болсоор байх болно. Та бүхэндээ баярлалаа.

 

Ярилцсан Б.ОД

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.